“Айчи-Нагояа-2026” наадмын жүдо, чөлөөт бөхийн барилдаанууд өнөөдөр эхэлнэ

“Айчи-Нагояа-2026” наадмын жүдо, чөлөөт бөхийн барилдаанууд өнөөдөр эхэлнэ

“Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр /2026.09.30/ эхэллээ.

Өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчдаас сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Н.Ганбаяр өрсөлдөнө. Түүний хувьд эхний барилдаанд Индонезийн Алиансян Мухаммедтэй, 87 кг-ын жинд ОУХМ Г.Төрболд Тажикстаны Султонзодатай, 130 кг-ын жинд өрсөлдөх Б.Намбардавга “Парис-2024” зуны олимпын наадмын хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, БНХАУ-ын бөх Мэн Лин Зэтэй тус тус учраа таарчээ.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Монгол Улсаас “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5 хүрэл, 1 мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа өрсөлдөнө. Түүний хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёр дахь барилдаандаа эзэн орны бөх, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Ази тивийн аварга Иши Ами болон Казахстаны бөх, дэлхийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальт, Ази тивийн иж бүрэн медальт Бакбергенова Жамила нарын ялсантай барилдах аж.

Жүдо бөхийн барилдааны эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-ын жинд ОУХМ Б.Уранзаяа, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Ариунболд, 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк нар дэвжээнд өрсөлдөнө.