Н.Балжмаа: Ж.Байгальмаа эгч болон хүүхдүүдэд нь байшин барьж өгнө гэж хэлчхээд бага зэрэг айж байсан ч, одоо бариад дууссан байшингаа харахаар уйлах гээд байна

Н.Балжмаа: Ж.Байгальмаа эгч болон хүүхдүүдэд нь байшин барьж өгнө гэж хэлчхээд бага зэрэг айж байсан ч, одоо бариад дууссан байшингаа харахаар уйлах гээд байна

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ өдрүүдэд бидний хэлж заншсанаар Баянхошууны хөтөл хавьд баяр хөөр, халуун дулаан уур амьсгал бялхсан үйл явдал тохиолоо. Энэ оны таван сарын 20-ны тэр нэгэн дулаахан өдөр онлайн бизнес эрхлэгч Н.Балжмаа найман хүүхэдтэй, өрх толгойлсон Ж.Байгалмаа эгчийн хашаанд ирж, “Тохь тухтай, аюулгүй байшин барьж өгнө” хэмээн амлаж, анхны шавыг тавьж байсан юм. Тэгвэл хэлсэн үгэндээ эзэн болж, хөлс хүчээ зориулсан тус ажил дуусч, найман хүүхдийн амьдрах дулаахан байшин ашиглалтад оржээ.

ВИДЕО:

Биднийг тухайн газарт очиход шинэхэн баригдсан цагаан, цэнхэр өнгөтэй байшин гялалзаж, хашааны үүдээр хүүхдүүдийн инээд цангинаж угтав. Өмнө нь нохой, согтуу хүн, ядруухан сууцнаас айж, сэтгэл амар унтаж чаддаггүй байсан найман хүүхэд өнөөдөр өөрийн гэсэн дулаахан өрөөтэй, тусдаа ортой, хамгийн гол нь аюулгүй орчинтой болжээ.

-ЭНЭХҮҮ БҮРЭН ТОХИЖИЛТТОЙ БАЙШИНГ БОСГОХОД НИЙТДЭЭ 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН БАЙНА-

Н.Балжмаа “Өнгөрсөн жил миний хувьд маш хүнд жил байсан. Хайртай дотны гурван хүнээ бурхны оронд алдсан учир ‘хүний амьдрал ямар богинохон бөгөөд хэврэг юм бэ’ гэдгийг яс махндаа тултал ойлгосон. Би ч гэсэн хэзээ нэгэн өдөр энэ хорвоогоос явахыг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ дэлхийд амьдрах хугацаандаа бусдад тустай, утга учиртай зүйл хийж үлдээхийг хүссэн юм. Охидод нь хэрэгтэй гээд гоо сайхны ширээ, сандал хүртэл бэлдлээ. Би энэ байшинг өөрийн чаддаг зүйл болох маркетинг хийж, рекламд тоглож олсон цалингаараа босгосон . Миний хөдөлмөр нэг айлыг ч гэсэн бүтэн нойртой, дулаахан хонуулж байгааг харах шиг сайхан зүйл үгүй. Энэхүү байшингаа тухтай байлгахын тулд бүх сэтгэл зүрхээ зориулсан. Одоогийн тооцоогоор 200 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Мэдээж маш олон хүн, байгууллага сайхан сэтгэлээр тусалсан.”хэмээн ярив.

Түүний сайн үйлс үүгээр зогсохгүй бөгөөд цаашдаа ч олон гэр бүлд тусалж орон гэртэй болгохын тулд хичээх болно гэдгээ хэлж байсан юм. Тэрбээр дараагийн айлаа шинээр баригдаж буй чанартай, бүрэн цутгамал орон сууцанд оруулахаар аль хэдийн зорьж, ажлаа эхлүүлжээ.

-МОНГОЛД САЙН ХҮН ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ ЮМ БАЙНА-

Найман хүүхдийн ээж Ж.Байгальмаа “Маш их баяртай байна, хэлэх үг ч олдохгүй байна. Найман хүүхэд маань ийм дулаахан, тухтай байшинтай болчихлоо. Одоо би ар гэртээ, хүүхдүүдийнхээ орон байранд санаа зоволтгүйгээр өөрийн ажлаа хийх бүрэн боломж бүрдэж байна. Ээж хүний хувьд үүнээс илүү баяр баясгалан гэж хаана байх билээ. Энэ том боломжийг олгож, сайхан дулаахан байшинтай болгож өгсөн Н.Балжмаа дүүдээ маш их баярлаж байна. Монголд сайн хүн гэж үнэхээр байдаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ” хэмээн баярласан сэтгэлээ нулимс дуслуулан уудалсан юм.

****

Ж.Байгалмаа эгчийн хүүхдүүд нь өөрсдийн шинэ өрөөг сонирхон гүйлдэнэ. Өмнө нь амьдралын ачаанд түүртэж явсан ээжийн нуруун дээрх хүнд ачааг хүн чанар, тусархуу сэтгэлээрээ хуваалцаж буй тэрхүү агшинд сэтгүүлч миний сэтгэл ч байгагүй хөдөлж байлаа.  Энэхүү агшин хайртай хүмүүсээ алдсан хагацлын өвдөлтийг бусдад хайр түгээх агуу хүч болгон хувиргаж чадсан нэгэн бүсгүйн зориг, амьдралын төлөө зүтгэж буй ээжийн талархлын нулимс уулзсан цаг хугацаа байлаа. Нийгэмд бие биенээ гэх хайр, амлалтдаа хүрэх тууштай сэтгэл ямар их гэрэл гэгээг бүтээж болдгийн бодит жишээ болгон бид энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ.