Өнгөрсөн хоногт Сүхбаатарт гурван удаагийн хээрийн түймэр гарч, 8710 га талбай өртжээ

Өнгөрсөн хоногт Сүхбаатарт гурван удаагийн хээрийн түймэр гарч, 8710 га талбай өртжээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт гурван удаа, Хэнтий аймагт нэг удаа хээрийн түймэр гарчээ. Гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 10,310 га талбай өртсөн байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт” гэдэг газар гарсан түймрийн дуудлагыг 12:45 цагт хүлээн авч, 18:17 цагт цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар 6000 га талбай өртсөн бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн тус аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өндөр хамар” гэдэг газар гарсан түймрийг 18:36 цагт цурамд оруулж, 19:55 цагт бүрэн унтраасан байна. Уг түймэрт урьдчилсан байдлаар 610 га талбай өртжээ.

Асгат сумын нэгдүгээр багийн “Ланзын хар-Овоо” гэдэг газар гарсан түймрийг 19:43 цагт цурамд оруулж, 22:21 цагт бүрэн унтраасан бөгөөд 2100 га талбай өртсөн байна. Харин Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Тэмээт гангын-Ар” гэдэг газар гарсан хээрийн түймрийг 18:10 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 1600 га талбай өртсөн байна. Дээрх түймрүүдийг Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумдын мэргэжлийн ангийнхан ажиллан унтраажээ.