Францын хэд хэдэн хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Францын хэд хэдэн хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Францын эрх баригчид Парис, Лилль, Ницца зэрэг хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн хөл хорио тогтоож, жагсаал цуглааныг хязгаарлажээ.

Ерөнхий сайд Себастьян Лекорню Парис хотыг бүхэлд нь хөл хорионд оруулахыг үгүйсгэсэн ч онц байдал зарлах боломжийг үгүйсгээгүй байна. Тэрбээр тодорхой бүс нутагт хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь илүү оновчтой гэж мэдэгджээ. Парисын цагдаагийн газраас нийслэлийн зарим бүсэд 20:00 цагаас хойш жагсаал цуглаан хийхийг хориглосон бол Бүгд Найрамдах Улсын талбай болон Ле-Аль орчимд 23:00 цагаас хөл хорио тогтоож, мягмар гарагийн 06:00 цаг хүртэл мөрдүүлэхээр болжээ.

Мөн Лилль, Дуэ, Ваттиньи, Денан хотод орон нутгийн захирагчдын зөвшөөрлөөр дараагийн хоёр өдөр 20:00–06:00 цагийн хооронд насанд хүрээгүй хүүхдүүдийг гадуур явахыг хориглосон байна. Ницца хотын захирагч Эрик Чиотти ч хотын төвд шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүдийг гадуур гарахыг хориглох захирамж гаргажээ. Харин Марсель хотод олон нийтийн цуглаан, жагсаал хийхийг хориглосон байна. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр Парисын төвд байрлах тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд эвдрэл, гэмтэлд өртжээ. “Диор” брэндийн дэлгүүрийн гол хаалгыг эвдэж сүйтгэсэн бол “Ролекс”, “Луи Виттон”, “Ральф Лорен”, “Гуччи” зэрэг брэндийн дэлгүүрүүдийн цонх гэмтсэн байна. Мөн “Олимпик Марсель” хөлбөмбөгийн клуб хотын төв дэх албан ёсны дэлгүүрээ дээрэмдүүлсэн гэж мэдэгджээ. Түүнчлэн Францын төв хэсэгт нэгэн хотын захиргааны байрыг галдан шатаасан байна.

Францын Дотоод хэргийн сайд Нуньезийн мэдээлснээр, бямба гарагт улс даяар цагдаа болон бусад аюулгүй байдлын байгууллагын нийт 60 мянган алба хаагчийг дайчилжээ. Гэвч хүчирхийлэл үйлдсэн олон хүнийг хяналтад авахад энэ хэмжээний хүч хангалтгүй байсныг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ Францын үйлдвэрчний эвлэлүүд арваннэгдүгээр сарын 5-нд ажил хаялт, жагсаал цуглааны шинэ давлагаа зохион байгуулахыг уриалжээ. Сургуулиудын амралт эхэлсэн ч Парисын төвд байрлах Луврын музей болон Улс төр судлалын дээд сургуулийн орчимд оюутнууд эсэргүүцлийн ажиллагаа үргэлжлүүлж, зам хаасан байна.