УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 59.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.
Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн уг төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Түүний танилцуулснаар, УИХ-аас 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, татвар болон нийгмийн даатгалын тухай хуулиудад өөрчлөлт оруулсантай холбоотойгоор ирэх онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого батлагдсан дүнгээс нэг их наяд төгрөгөөр дутах төлөвтэй байгаа аж. Иймээс төсвийн орлого, зарлага болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлага үүссэн байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос гурван их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Уг орлогыг эрчим хүч, дэд бүтэц зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Хуулийн төсөлд ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас болон өмнөх оны төсвийн үлдэгдлээс шалтгаалан нэмэгдэх орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт тусгажээ. Ингэхдээ нэмэгдүүлсэн дүнгийн хэмжээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагыг мөрдөхгүй байхаар тусгасан байна.
Мөн төсвийн тусгай шаардлагыг тооцохдоо эрдэс баялгийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын үнийн төсөөлөлд үндэслэн, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон экспортын төлөвтэй уялдуулахаар тусгажээ.
Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй алдагдалтай эсвэл ашигтай байхаар, төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн үзүүлэлттэй уялдуулан тооцохоор тусгасан байна. Засгийн газрын өрийн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ. Хуулийн төслийг баталснаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан тооцож, 2027 оны төсвийг бодит тооцоо, үндэслэлтэй төлөвлөх, төсвийн хөрөнгийг үр ашигтай хуваарилах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна. Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар төслийг хэлэлцэхийг дэмжсэн санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.