Финландын үндэсний хэвлэл "Yle" суваг "Гөлөгний шууд дамжуулалт"-ыг 24 цагийн турш явуулж байна

Финландын үндэсний хэвлэл "Yle" суваг "Гөлөгний шууд дамжуулалт"-ыг 24 цагийн турш явуулж байна

Финландын үндэсний өргөн нэвтрүүлгийн "Yle" суваг мэдээний урсгалыг тасралтгүй үргэлжлүүлэх нэгэн сонирхолтой арга бодож олжээ. Тэр нь өдрийн аль ч цагт үзэх боломжтой өхөөрдөм гөлөгнүүд юм.

Тодруулбал, "Yle" суваг "Pentulive" буюу "Гөлөгний шууд дамжуулалт" гэх зүйлийг 24 цагийн турш явуулж, сая сая үзэгч татаж байна.Энэхүү шууд дамжуулалтаар "Lagotto Romagnolo" үүлдрийн Хилка нэртэй нохойг дөнгөж төрсөн гөлөгнүүдийнх нь хамтаар харуулдаг. Хилка аравдугаар сарын 10-нд гөлөглөж, хоёр эм, дөрвөн эр гөлөгтэй болжээ. "Yle" суваг үүний дараахан вэбкамерыг ажиллуулсан бөгөөд гөлөгнүүд арванхоёрдугаар сард шинэ эзэддээ очих хүртлээ камерын өмнө байх юм.

Гөлөг өдөрт 20 хүртэл цаг унтдаг тул үзэх зүйл харьцангуй бага байдаг. Тийм ч учраас өдгөө зургаа дахь улиралдаа гарч буй тус шууд дамжуулалтыг "slow TV" гэж хошигнон нэрлэх болжээ. Хэдий удаан ч гэлээ энэ шууд дамжуулалтаар гөлөгнүүдийн нүдээ нээх, алхаж сурах, анх удаа гадаа тоглох зэрэг өсч томрох чухал мөчүүдийг гэрчлэх боломжтой юм. Финландын хүн ам 5.66 сая хүрэхгүй ч өнгөрсөн онд "Гөлөгний шууд дамжуулалт"-ийн цахим хуудас 6.5 сая үзэлт авчээ. Одоогийн үзүүлэлтээс харахад энэ жилийн гөлөгнүүд өмнөх амжилтыг давах төлөвтэй байгаа аж.