Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр “Монголын түүх” хичээлээр эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр “Монголын түүх” хичээлээр эхэллээ

Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу ЕБС-ийн XII ангийг 16 мянган сурагч төгсч байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 09:00 цагт “Монголын түүх”, “Физик”-ийн шалгалтаар эхэлж зургаадугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд  шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай.

Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглох аж.

Шалгалтад ашиглах харандаа, баллуур,  үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна.