Өөрийн танилынхаа 239 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлсэн Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчид торгох ял оноожээ.
Тодруулбал, О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн танил Ц.Ч-н 239 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлж, татвар төлүүлэхгүй байх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, гаалийн улсын байцаагч Т.Б-т хууль бус үүрэг, чиглэл өгч, Ц.Ч-г 37 сая төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх 5 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Ч, Л.Ц, Б.Т нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, нийтийн албан тушаалтан О.Б, Т.Б нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.