Хөгнө хан ууланд цоохор ирвэс бүртгэгджээ

Хөгнө хан ууланд цоохор ирвэс бүртгэгджээ

Булган аймгийн Рашаант сумын нутаг дахь Хөгнө хан уулын байгалийн нөөц газарт цоохор ирвэс автомат камерт бичигджээ. Энэ нь цоохор ирвэсийн тархцын зах хязгаарын нэгт тооцогддог тус бүс нутагт уг амьтан байршиж байгааг нотлох баримт болж байна.

Тус бүс нутаг дахь зэрлэг амьтдын тархац, байршлыг судалж, хяналтыг сайжруулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Булган аймгийн Байгаль орчны газар, нутгийн иргэд хамтран 18 байршилд хөдөлгөөн мэдрэгч автомат камер суурилуулжээ. Эдгээр камерын бичлэг, зургийг энэ сарын 15-нд татаж шалгах үеэр цоохор ирвэсийн дүрс бичлэг баримтжсан байна. Энэ нь тус бүс нутагт цоохор ирвэсийг анх удаа камерт бүртгэсэн тохиолдол юм.

Булган аймгийн Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ “Энэхүү дүрс бичлэг нь цоохор ирвэс тус бүс нутгаар түр дайран өнгөрөөд зогсохгүй, тогтвортой байршиж байж болзошгүйг харуулсан шинжлэх ухааны чухал баримт юм. Түүнчлэн тухайн бүс нутгийн экосистемийн төлөв байдал, идэш тэжээлийн нөөц, тэр дундаа аргаль, янгир зэрэг амьтдын тоо толгойн тогтвортой байдлыг илтгэж байна” хэмээлээ.