УИХ-ын нэр бүхий гишүүнийг хуулийн байгууллага шалгаж байгаатай холбоотойгоор Монгол Улсаас гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарын нэр бүхий гишүүнийг тагнуул, цагдаа, АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор хилийн хориг тавьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл дээрх нэр бүхий гишүүд хилийн хоригоо цуцлуулсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнгөрсөн зургаадугаар сард хилийн хоригоо цуцлуулсан бол Х.Булгантуяа гишүүн өнгөрсөн наймдугаар сард хилийн хоригоо цуцлуулсан байна.
Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэдхэн хоногийн өмнө шүүхэд хандаж, хилийн хоригоо цуцлуулжээ.
Тэрбээр "гадаад улсад албан томилолттой" гэх шалтгаанаар шүүхэд хандаж, улмаар шүүхээс түүний хилийн хоригийг саяхан цуцлах шийдвэрийг гаргасан аж.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдож, нэгнийхээ биед халдаж, гэмтэл учруулсан гэх зэрэг хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс П.Сайнзориг, Х.Тайван нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм. Харин тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хуулийн байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч өнөөг хүртэл шүүхэд шилжээгүй байдаг.