Хүний эрхийн дэд хороо цагдан хорих ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгууллаа

Хүний эрхийн дэд хороо цагдан хорих ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2026.10.28/ хуралдаж, баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

ХЭҮК-т цагдан хорих, шүүхийн шийдвэргүй баривчлах ажиллагаатай холбоотойгоор 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн нь нийт гомдол мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. ХЭҮК-ын мэдээлснээр, цагдан хорих хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцохгүй байгаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байгаа, хойшлуулшгүй ажиллагааны үед өмгөөлөгч авах эрх хангалтгүй байгаа талаар гомдол ирдэг байна.

Мөн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын мэдээллээр, цагдан хорих, баривчлах хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой УИХ-ын таван тогтоолын 12 заалтын хэрэгжилт 75 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байгаа аж. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн хэрэгжилтийг хоёр жилийн хугацаанд үнэлээгүй байгааг шүүмжилж, улирал тутам мэдээлж, хагас жил тутам хэлэлцэх шаардлагатайг санууллаа. Хуралдааны төгсгөлд баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа.