“Нанотираннус” үлэг гүрвэлийн ховор олдвор дуудлага худалдаагаар 47.3 сая ам.доллароор зарагджээ

“Нанотираннус” үлэг гүрвэлийн ховор олдвор дуудлага худалдаагаар 47.3 сая ам.доллароор зарагджээ

Тираннозавр батаарын (T. rex) ойрын төрөл болох жижиг биетэй “Нанотираннус” үлэг гүрвэлийн ховор араг ясыг Нью-Йорк хотын “Сотбис” дуудлага худалдаагаар 47.3 сая ам.доллароор худалджээ.

“Жоди” хэмээн нэрлэсэн уг олдвор нь шинжлэх ухаанд мэдэгдэж буй харьцангуй бүрэн хадгалагдсан “Нанотираннус”-ын ердөө гурван араг ясны нэг юм. Анх 6–9 сая ам.доллароор үнэлж байсан ч эцсийн үнэ нь үүнээс хол давжээ. Гэхдээ үлэг гүрвэлийн чулуужсан олдворын дуудлага худалдааны дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадсангүй. Өнгөрсөн долоодугаар сард “Гус” нэртэй онцгой сайн хадгалагдсан Тираннозавр батаарын араг яс 50.1 сая ам.доллароор зарагдаж, уг рекордыг тогтоосон юм. “Жоди” 2.9 метр өндөр, 6 метр урт бөгөөд “Гус”-ын уртын талаас ялимгүй илүү хэмжээтэй. Ижил төрлийн олдвор ховор байдаг нь худалдааны үнийг өсгөхөд нөлөөлсөн байх магадлалтай. Гэхдээ “Нанотираннус” хэмээх тусдаа үлэг гүрвэлийн зүйл үнэхээр оршин байсан эсэх нь палеонтологийн салбарт ширүүн маргаан дагуулсаар ирсэн юм. Судлаачид саяхнаас л “Нанотираннус”-ыг залуу Тираннозавр батаар бус, бие даасан үлэг гүрвэлийн зүйл гэж үзэх байр суурийг илүүтэй дэмжих болсон. “Сотбис”-ийн мэдээлснээр, уг олдвор маш сайн хадгалагдсан нийт 191 ясны хэсгээс бүрдсэн, мөн бараг бүрэн гавлын ястай ажээ.

Араг ясыг 2019 онд Монтана мужийн мал аж ахуй эрхлэгч Жоди Пирсон олсон учир түүний нэрээр олдворт нэр өгсөн байна. Харин малтлага, олборлолтын ажлыг “Үлэг гүрвэлийн ковбой” хэмээн алдаршсан, арилжааны чиглэлээр ажилладаг палеонтологич Клэйтон Фиппс гүйцэтгэжээ.