Шүдний эмч хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ

Шүдний эмч хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчаас “Д” эмнэлгийн шүдний гажиг заслын эмч “Ч”-г насанд хүрээгүй үйлчлүүлэгчид эмчилгээ хийхдээ хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл аваагүй, эмчилгээний явцад шаардлагатай хяналтын үзлэг, оношилгоо хийгээгүй гэж үзэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.

“Ч” эмч уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... Шүдний гажиг заслын эмчилгээний үед насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчаас заавал бичгээр зөвшөөрөл авахыг хуульд тусгайлан заагаагүй, эмчилгээний стандарт, удирдамж бүрэн батлагдаагүй байхад ямар үүргээ биелүүлээгүйг тодорхой тогтоогоогүй. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус ...” гэж маргасан.

Хариуцагчаас “... Эмч нь насанд хүрээгүй үйлчлүүлэгчид эмчилгээний эрсдэл, хүндрэлийг урьдчилан таниулж, хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авах, эмчилгээний явцад шаардлагатай хяналтын үзлэг, рентген оношилгоо хийх үүрэгтэй. Гэтэл эдгээр үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн ...” гэжээ.

Анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах байдлаар дүгнэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т эмнэлгийн мэргэжилтэн нь оношилгоо, эмчилгээний стандарт, технологи, удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй, 36 дугаар зүйлийн 36.2-т нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал хийх тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авахаар тус тус заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-д үйлчлүүлэгч насанд хүрээгүй бол хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авах, эмчилгээний эрсдэл, хүндрэлийг урьдчилан таниулах үүргийг зохицуулжээ.

Гэтэл “Д” эмнэлэг нь өөрийн боловсруулсан зөвшөөрлийн хуудсыг ашигладаг боловч насанд хүрээгүй эмчлүүлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл аваагүй, зөвхөн эмчлүүлэгч өөрөө төлбөрийн баримтад гарын үсэг зурсан байна. Түүнчлэн эмчлүүлэгч хоёр жил гаруйн хугацаанд нийт 14 удаа үзлэг, эмчилгээнд хамрагдсан боловч нэг ч удаа хяналтын рентген зураг аваагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хяналтын рентген зураг авах нь шүдний ёзоорын шимэгдлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд шаардлагатай гэж үзсэн тул эмчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мэргэшсэн эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Иймд оногдуулсан шийтгэл нь хуульд нийцсэн, шийтгэлийн хуудаст эрх хасах шийтгэлийн хэлбэрийг тусгайлан тэмдэглээгүй нь түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар гомдол гаргагчид мэдэгдсэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг эрх бүхий албан тушаалтан болон прокурорын тогтоолоор хуульд заасан журмын дагуу сунгасан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрээгүй байна.

Ийнхүү эмч нь насанд хүрээгүй үйлчлүүлэгчид эмчилгээ хийхдээ хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авах, эмчилгээний явцад шаардлагатай оношилгоо, мэргэжлийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, түүнд оногдуулсан шийтгэл хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзсэн байна.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө