Дэлхийд хамгийн томд тооцогддог криптовалютын бирж болох "Binance" хакеруудын халдлагад өртөж, 6.3 тэрбум ам.долларын хөрөнгөө алдсан нь криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгай боллоо. Шинжээчид уг халдлагыг Умард Солонгосын хакерууд үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ явдал цахим хөрөнгөд итгэх итгэлийг сулруулж болзошгүйг анхааруулжээ.
Халдлагад өртсөн мэдээлэл цацагдсаны дараа криптовалютуудын ханш унасан бол "Binance" бирж гүйлгээг түр зогсоож, учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа мэдэгдсэн байна. "Tether", "Circle" болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгтэй “World Liberty Financial” зэрэг тогтвортой койн гаргагчид хулгайлагдсан цахим хөрөнгийн тал орчим хувийг шуурхай царцааж амжжээ. АНУ-ын "TRM Labs", "Chainalysis" зэрэг блокчейн шинжилгээний компаниудын мэдээлснээр, уг халдлагыг пүрэв гаргийн орой ердөө 20 минутын дотор үйлдсэн байна. Түүнчлэн Умард Солонгосын хакеруудын өмнө нь үйлдсэн томоохон халдлагуудтай тун төстэй байжээ.
Хакерууд "Binance" биржийн ашигладаг криптовалютын хэтэвчнүүдээс криптовалютуудыг өөрсдийн хяналтад байдаг хэтэвч рүү шилжүүлэх захиалга өгч чадсан гэж “TRM Labs” мэдээлжээ. Энэ арга нь 2025 онд криптовалютын “Bybit” биржид гарсан хулгайн хэрэгтэй төстэй бөгөөд тухайн халдлагыг Умард Солонгосоос зохион байгуулсан гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчоо үзэж байв. “TRM Labs” компани цахим хуудсандаа нийтэлсэн дүнэлтдээ уг халдлагыг Умард Солонгосын хакеруудын элит бүлэглэлтэй холбон тайлбарлажээ. "TRM", "Chainalysis" компаниуд хоёул халдлагын ард Умард Солонгос байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.