Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч буй тухайгаа мэдээллээ. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулах үндэслэл болон журмыг тусгайлан заасан байдаг билээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна”. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль болон бүрэн эрхээ зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Харин Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд өөрөө хүсэлт гарган үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж болно. Үүнийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд Ерөнхийлөгч хүсэлтээ УИХ-д гаргаж, парламент уг хүсэлтийг ёсоор болгосон тохиолдолд бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно. Мөн Ерөнхийлөгч нас барсан тохиолдолд бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болохоор хуульчилжээ.
Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, эсвэл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ-ын дарга шинэ Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах үүрэгтэй. Харин Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгохоор заасан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно гэж Үндсэн хуулийн 32 дугаар зүйлд тусгажээ.