БНХАУ-ын Шэньжэнь хотноо болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын гол үйл явдал нь АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчдын гурван талт уулзалт болоод байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд анх удаа гурван талын уулзалт хийхээр товлогджээ. Уулзалтаар цөмийн зэвсгийг хорогдуулах, дэлхийн аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Уг уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин санаачилсан гэх мэдээлэл байгаа юм.
Энэ төрлийн өндөр түвшний дипломат уулзалт нь Д.Трампын гадаад бодлогын арга барилтай нийцэж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Тэрбээр дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчид нэг ширээний ард сууж, олон улсын томоохон асуудлыг шууд хэлэлцэхийг чухалчилдаг байна. Харин зарим шинжээч ийм уулзалтууд нь их гүрнүүдийн нөлөөллийн хүрээг тогтоох, бусад улс орны эрх ашигт нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа ажээ.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шэньжэнь хотын нисэх буудалд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг биечлэн угтан авчээ. Энэ нь хоёр улсын харилцаанд дипломат дохио болохуйц үйл явдал байж дүгнэж байгаа аж. Мөн гурван удирдагч АПЕК-ийн арга хэмжээний үеэр хамтдаа байгаа гэрэл зураг нийтлэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.
Гурван талт уулзалтын өмнө Ши Жиньпин, В.Путин нар мөн уулзаж, барууны хориг арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсэн байна. Ши Жиньпин Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй худалдаа, хамтын хөгжлийг дэмжихээ мэдэгдсэн бол В.Путин барууны хориг, тариф, экспортын хязгаарлалтыг шүүмжилжээ.
Д.Трамп энэ удаагийн айлчлалаа Филиппиний нийслэл Манила хотод болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтаас эхлүүлсэн байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд болсон тус уулзалтад оролцож, Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчидтай уулзсан байна. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанези, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи, Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул зэрэг бүс нутгийн удирдагчид ч АПЕК-ийн уулзалтад оролцож байгаа аж.
Гэхдээ гурван их гүрний удирдагчдын уулзалт бодит үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж. АНУ-ын тал цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлыг хэлэлцэх сонирхолтой байгаа бол ОХУ, БНХАУ-ын байр суурь болон хэлэлцээний үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй байгаа ажээ.
Мөн дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд улам бүр нөлөөлж буй хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил, түүнээс үүдэх эрсдэл энэ удаагийн гурван талт уулзалтын гол хэлэлцэх асуудалд багтах эсэх нь тодорхойгүй байна. Ийнхүү дэлхийн гурван том гүрний удирдагчид цөмийн зэвсэг, стратегийн тогтвортой байдлын асуудлаар нүүр тулан ярилцах гэж байгаа ч уулзалтын бодит үр дүн, хамтарсан шийдвэр гарах эсэхийг олон улс ажиглаж байна.
Эх сурвалж: BBC