ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Хятадын Шэньжэн хотод болж буй Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцож байгаа билээ.
Чуулга уулзалтыг сурвалжилж буй барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чуулганы хоёр дахь өдөр болох БНХАУ, АНУ болон Оросын төрийн тэргүүнүүдийн гурван талт түүхэн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаас гадна чуулга уулзалтын эхний өдрөөс л Бээжин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандаж байгаагаас арай өөрөөр хандаж буйг онцолжээ. Жишээ нь, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Шэньжэнд хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг нисэх онгоцны буудал дээр өөрийн биеэр угтан авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, эрх мэдлээрээ дээрээсээ 5-д бичигдэх Цай Чи угтан авчээ. Ерөнхийлөгч Д.Трампыг АПЕК-ийн чуулганд хүрэлцэн ирэхэд оркестр АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн бол ОХУ-ын төрийн тэргүүнийг хүрэлцэн ирэхэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн хэсгээс тоглосон байна.
Уламжлал ёсоор АПЕК-ийн чуулганд оролцож буй төрийн тэргүүнүүд хамтдаа зургаа авхуулах үеэр Д.Трамп, Си Жиньпин хоёр хамтдаа зогссон байсан ба АНУ-ын Ерөнхийлөгчийн баруун талд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, харин Си Жиньпиний зүүн талд гэргий Пэн Лиюань, түүний зүүн талд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зогссон байжээ. Дүрс бичлэгт АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүд зураг авхуулахын өмнө В.Путинтай гар барьсныхаа дараа түүнийг тусдаа зогсохыг зааж байгаа нь буусан байна. Түүнчлэн АПЕК-ийн чуулганд оролцогсдод зориулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нарыг тусдаа ширээнд суулгасан учир В.Путин Д.Трамптай үг солилцож чадаагүй талаар В.Путины туслах Юрий Ушаков мэдэгджээ.