Б.Ганхайч V байр эзэлж, багаараа 12-р байрт бичигдлээ

Б.Ганхайч V байр эзэлж, багаараа 12-р байрт бичигдлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Азербайжан улсын Баку хотод өнөөдөр /2019.05.12/ өндөрлөнө. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт олон тамирчид өрсөлдөж байгаа тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорсон.

Дэвжээнд гарсан Монгол Улсын бөхчүүдээс Б.Ганхайч өчигдөр шагналт тавдугаар байрыг эзлэв.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д нийт 29 бөх барилдсанаас Б.Ганхайч Румын, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Японы М.Таширод дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд Польшийн Т.Каролинаг ялсан ч хүрэл медалын төлөөх барилдаанд Германы бөх Т.Мартинад дийлдэн шагналт тавдугаар байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Батболд гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны бөх Рустам Оружовт, 81 кг-д Н.Давгасүрэн хоёрдугаар тойрогт Украины бөх А.Харченкод ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, Д.Сандуйжав, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдана.

Бакугийн “Их дуулга”-д 56 орны жүдочид өрсөлдөж байгаагаас манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 жүдоч барилдаж байна. Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн бол Д.Сумъяа шагналт долдугаар байр эзэлсэн. Өчигдөр Б.Ганхайч шагналт тавдугаар байр эзэлж, Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар 12 дугаар байрт бичигдэж эхэллээ.

Бакугийн “Их дуулга”-ыг Япон, Бразилын баг хоёр алтан медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Азарбайжан, Испани, Израйл, Франц, Молдав жагсаалтын III-VII байрт бичигдэж байна. Гүрж, Болгар, Словани, Швед улс мөнгөн медальтайгаар манай улсын урд жагсаж эхэлжээ.