MCS Grandiosa хөлөг онгоц дээр тусгаарлагдаад буй уран нугараач А.Уранбилэгтэй ярилцлаа

MCS Grandiosa хөлөг онгоц дээр тусгаарлагдаад буй уран нугараач А.Уранбилэгтэй ярилцлаа

Гоо сайхан, хүчирхэг байдлын илэрхийлэл уран нугаралт бол Монголын үнэт өв соёлын нэг. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж алдарт “Нарны цирк”-т жүжигчнээр ажиллаж буй уран нугараач бол А.Уранбилэг. Түүнийг Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч гэдгээр нь мэдэх хүн цөөнгүй. 21 давхар MCS Grandiosa хөлөг онгоц дээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэгчдийг уян налархай хөдөлгөөнөөрөө алмайруулдаг уран нугараач бүсгүй яг одоогоор тусхөлөг онгоц дээр 70 дахь хоногоо өнгөрүүлж байна. Тэрбээр ажлаа хийж яваад хөлөг онгоцонд тусгаарлагдсан нь энэ.

Дэлхийн 25 гаруй улсад аялан тоглолт хийсэн авьяаслаг бүсгүйтэй холбогдож уран бүтээл, үзэл бодол, одоогийн нөхцөл байдлынх нь талаар ярилцлаа.

-ЗУРГААН НАСТАЙ БЯЦХАН ОХИН БАЙХДАА ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ
ТАВИЛАНГ СОНГООД ШИЙДЧИХСЭН-

-Сайн байна уу. Ярилцлагаа таны энэ урлагтай амьдралаа холбосон түүхээс эхэлье гэж бодлоо. Та хэд дэх жилдээ уран нугарч байна вэ?

Бага байхдаа циркийн тоглолт үзэж байхдаа уран нугарагчдыг хараад л дурлачихсан. Тэгээд гэртээ очоод би нугараач болно гээд л энд тэнд сунгалт хийгээд гүйдэг байсан.. Анх циркт шалгуулахад хэтэрхий бага байна гэж буцаагдаад нэг жил хүлээж байгаад орж байсан. Монгол улсын циркт зургаан настайдаа Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн багшийн удирдлага дор орсноос хойш циркийн урлагт 20 гаруй жил уран нугаралтаараа хичээллээд явж байна.

-Зургаан настай бяцхан охин уран нугаралтын юунд тэгж их татагдав? Бага насныхаа тухай дурсаач?

 Анх уран нугаралт үзээд, хичээллэж эхлээд л сэтгэлийнхээ гүнд энэ миний хийх зүйл гэж мэдэрсэн. Би уран нугараач л болно гэсэн хүсэл, эрмэлзэл их хүчтэй байсан. Бага насны минь ихэнх хэсэг нь циркт өнгөрч, хоёр дахь гэр шиг л байсан. Бусад хүүхдүүд гадаа тоглож, дугуй унаад явж байхад би бэлтгэлээ л хийдэг байсан. Хичээл, бэлтгэл, тоглолт л гэж явдаг хүүхэд байлаа. Саяхан гурван жилийн өмнө л дугуй унаж сурсан даа инээв. Заримдаа бодохоор хүүхэд насаа алдчихсан ч юм шиг санагддаг. Хичээлээ тараад л цирк дээрээ очдог, их завгүй хүүхэд байсан. Жилдээ 25 хоног амрах үедээ ч гэртээ бэлтгэлээ хийнэ. Хүнд хэцүү үе гарсан ч миний зорилго тэмүүллийг мохоож чадаагүй. Уран нугаралтад тийм л хайртай.

-Уран нугаралтын онцлог юу вэ. Уран нугаралтаас авдаг онцгой мэдрэмж бий юу?

 Уран нугаралт эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, хүч чадлыг хослуулан гаргаж өгдөг. Нэг талаас циркийн урлаг боловч бэлтгэл сургуулилт нь хагас цэрэгжилтийн байдалтай явагддаг. Хүнд хүчир бэлтгэл хийж, байнга формоо барих хэрэгтэй гээд л. Спорт, урлаг хосолсон Монголын үндэсний өв соёл гэж хэлж болно. Тайзан дээр уран нугарч байхдаа өөрийгөө хамгийн бүрэн дүүрэн мэдэрдэг. Шувуу нисэхдээ далавчаа дэлгэдэг шиг, миний салшгүй нэг хэсэг юм шиг санагддаг. Үзүүлбэрээ хийж дуусаад ёсолгоо хийх үед хамгийн сайхан мэдрэмж төрж, гүйцэд амьсгаа авч чаддаг.

-МОНГОЛЫН ЦИРКЧИД ДЭЛХИЙД ЧАНСАА ӨНДӨРТЭЙ Ч ЭХ ОРОНДОО
ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

-2015 онд Авьяаслаг Монголчууд орсны дараа таны амьдралд өөрчлөлт орсон уу?

-Цаг хугацаа хурдан юм аа нэг л мэдэхэд таван жил өнгөрчихсөн байна. Тухайн үед Кувейт улсад тоглолтоо хийчхээд амралтаараа ирсэн байсан. Анх шоуны шалгаруулалтад санаандгүй байдлаар ороод тэнцчихсэн учраас өмнө нь Монголдоо ямар нэг тэмцээн уралдаанд орж байгаагүй болохоор ороод үзье гээд бичлэгтэй шалгаруулалтад орсон.

Эхний шатандаа тэнцчихээд Герман улс руу тоглолтоор явсан байх үед шилдэг 32-тоо тэнцсэн мэдээг сонсоод ирж оролцсон. Шоунд оролцсоны дараа хүмүүсээс магтаал, урмын үгийг сонссон ч “Чамайг нугардаг гэж мэднэ. Гэхдээ ингэж нугардаг гэж мэдээгүй юм байна” гэдэг үгийг хамгийн их сонссон. Монголчууд маань циркийн урлагийг ямар төвшинд байгааг мэдэхгүй байгаа юм шиг санагдсан. Цирк хувьчлагдсанаас хойш тоглолт нь ховор болоод хүмүүс циркийн урлагаас холдчихсоныг ойлгох шиг болсон. Цирк чинь нүүдлийн урлаг шүү дээ монгол бол суурин цирктэй ховор улсуудын нэг.

- Үзүүлж байгаа үзүүлбэрүүдээ та өөрөө бэлдэж, санаачилдаг уу?

-Өөрөө санаачилдаг, мөн багш маань бас их тусалдаг. Багш маань Монголын хоёр дахь уран нугараач, хамгийн анх аман дээрээ тогтож нугарахыг зохиож, санаачилсан хүн. Багшаасаа их юм сурч, ярилцаж, санаагаа авдаг. Мөн тэр үедээ ямар үзүүлбэр хиймээр байгаагаасаа шалтгаалаад бүжигчид, багш нар гээд олон өөр өөр хүмүүстэй ярилцаж, зөвлөж үзүүлбэрээ бэлддэг. Хэдийгээр би тайзан дээр ганцаараа үзүүлбэр үзүүлж байгаа ч ард нь маш их хүн, маш олон сар ажилласан байдаг. Хувцас урлах, ая хийх гээд л олон хүнтэй хамтарч ажилладаг.

-Цирк хувьчлагдсанаас хойш циркчид маань хааччихав? Тоглолт их ховор болчихсон юм шиг санагддаг.

-Цирк хувьчлагдаад ажиллаж байгаа хэдий ч өмнөх шигээ нэг гэр бүл болж бэлтгэлээ хийхээ больчихсон. Ер нь бол циркчид ажлын байргүй болсон гэж хэлж болно. Агаарын үзүүлбэр зэрэг циркээс өөр газар хийх боломжгүй хүмүүс тэндээ бэлтгэлээ хийсээр л байгаа. Хааяа нэг тоглолтоо хийхээр үзэгчид тийм ч их биш байдаг. Манай монголчууд гадаад циркчид ирэхээр шуураад л байдаг. Яг үнэндээ Монголын циркчид дэлхийд их өндрөөр үнэлэгдэж байна. Олон улсын тэмцээн уралдаанд манайхан л тэргүүлдэг. Уран нугаралт бол хөрвөх чадвартай учраас дэлхийн хаана ч очсон монгол уран нугараачид байдаг. Гэр бүлтэй хүмүүс нь ийш тийшээ явж чадахгүй хүндхэн л байдалтай байдаг.

-ГЭНЭТ ШИЙДВЭР ГАРГААД ХИЛЭЭ ХААЧИХСАН УЧРААС НИСЛЭГТ
ОРОХ ЗАВШААН ГАРААГҮЙ-

 -Та ажилладаг хөлөг онгоцондоо тусгаарлагдаад хоёр сар болж байгаа юм байна. Одоо нөхцөл байдал нь ямархуу байна вэ. Нэг өдрийг хэрхэн өнгөрөөж байна?

-Би өөрөө их өөдрөг байхыг хичээж байгаа. Яг гуравдугаар сарын 28-нд буцах тасалбараа авсан байснаас хэдхэн өдрийн өмнө улс маань хилээ хаагаад, усан онгоц дээр халдвар илрээд жижигхэн өрөөнөөсөө гарах боломжгүй байдалтай 52 хоносон. Интернет муу, хүнтэй харилцаанд орохгүй удаан байх нь хэцүү боловч боломжоороо бэлтгэлээ хийгээд өнгөрсөн долоо хоногоос өрөөнөөсөө гарах боломжтой болсон. Монголчууд маань мянга мянгаараа хүнд хэцүү нөхцөлд байгааг сонсоод надаас хэцүү нөхцөлд хүмүүс байгааг бодоод бүх зүйл зүгээр юм шиг аашилж байна. Манай циркийн жүжигчид бүгдээрээ усан онгоцноосоо буугаад гэрлүүгээ явчихсан. Онгоц дээр 1800 хүн байснаас 300 гаруй хүн над шиг энэ онгоц дээр байгаа.

 -Усан онгоц дээр үзүүлбэр үзүүлээд та хэр урт хугацааг өнгөрүүлж байна вэ?

-Анх нугарч эхэлж байхад Нарны цирк миний мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлээд гэрлүүгээ явах гэтэл одоогийн энэ нөхцөл байдалд орчихлоо. Усан онгоц дээр ажиллах хүнд хүчир ажил гэж явдаг учраас хэт удаан хугацаанд ажиллах хориотой байдаг. Дээд тал нь зургаан сар ажиллах хуультай. Долоо хоногт нэг өдөр газар дээр заавал буух ёстой байдаг. Давуу тал нь өдөр бүр өөр хотод очиж үзнэ. Арван нэгдүгээр сараас хойш ажиллаж байгаад явах болсон байлаа.

-ӨӨРИЙГӨӨ ХОРОМ БҮРД ХӨГЖҮҮЛЖ, ЦАГ ХУГАЦААГ ХАЙРЛАДАГ-

-Танд уран нугаралтаас өөр сонирхдог зүйл байгаа юу? Хэрвээ та уран нугараач болоогүй байсан бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бол?

Хэрвээ би уран нугараач болоогүй байсан бол эмч, эсвэл сэтгэл зүйч болох байсан гэж их боддог. Надад энэ салбарын мэргэжилтэй холбоотой хийдэг зүйл байхгүй ч гэсэн хүнд хэцүү, эрсдэлтэй зүйлсийг хийж өөрийгөө сорьж үзэх дуртай. Гэхдээ анагаахын чиглэлээр яваагүй учраас одоо илүү урлагтаа шингэж, урлагийн төрлийн зүйлсийг илүү сонирхож, цогцлуулан хийх хүсэлтэй болсон. Жишээ нь уран нугаралтаа агаарын гимнастик, бүжиг, иога зэрэг илүү хүнийг татах зүйлстэй холбохоор сонирхож, хичээж байна.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим, үнэт зүйл юу вэ?

-Миний дандаа хэлдэг нэг зүйл байдаг.  Цаг хугацаа маш чухал гэж. Мэдээжийн хэрэг гэр бүл, найз нөхөд минь миний хувьд үнэт зүйлсийн минь нэг ч гэсэн  аливаа зүйлийг хийхэд цаг хугацаандаа байх нь их чухал санагддаг. Зарим нэг хүмүүсийг хараад байхад өнгөрсөн эсвэл ирээдүйд санаа зовоод, шаналаад одоо цагтаа төвлөрч чаддаггүй нь их харамсмаар санагддаг. Ер нь хүмүүс одоо болж байгаа зүйлсдээ баярлаж, аз жаргалтай байж чаддаггүй юм шигээ. Тэгэхээр би одоо хийж байгаа зүйлс, уулзаж байгаа хүмүүс, одоо хоёулангийнх нь ярилцаж байгаа цаг хүртэл ахиж тохиолдохгүй учраас их хайрлаж нандигнадаг гэж хэлж болно. Би өмнө нь их алхах дуртай байж байгаад сая 52 хоног өрөөндөө байхдаа энгийн үедээ зүгээр л алхаад явж байх ямар үнэ цэнэтэй байсныг ойлгосон. Тэгээд хорионоосоо гараад 14 давхраас доошоо 4 давхар руу шатаар буухдаа маш их догдолсон. Хүмүүс маргаашдаа санаа зовоод одоо хажууд нь байгаа хайртай хүндээ хайртайгаа ч хэлж чадахгүй өнгөрөөчихдөг. Түүнээсээ болоод дараа нь харамсах тохиолдлууд ч гарна. Тэгэхгүйн тулд одоо цагтаа байж, цаг хугацаагаа нандигнан хайрлахыг их хүсдэг. Бас хүнтэй өөрийгөө харьцуулж уралдахаас илүү, өөрөө өөртэйгөө уралдаж, өөрийгөө ялан дийлж, өчигдрийн “би”-гээс илүү болсон байхыг хүсдэг.

-Таны хамгийн ойрын төлөвлөгөө, хэтийн том зорилгоо хуваалцаач

-Би 2020 онд их зүйл төлөвлөж байсан ч бүгд нурчихсан. “Инээв”  Төлөвлөж байсан бүх зүйл дэлхий дахинд гарч байгаа том өөрчлөлтийг дагаад хүн бүрийн амьдрал л өөрчлөгдөж байгаа байх гэж бодож байна. Одоогоор бол өшөө илүү олон уран бүтээл гаргаж ажиллахаар төвлөрч байна. Хүмүүс уран нугаралтыг залуу насны урлаг гэж их ярьдаг. Би бол хувьдаа үгүй гэж боддог. Үүнийгээ нотолж урт хугацаанд уран бүтээлээ хийж, залуугаараа байж хүмүүст харуулмаар байдаг. Бид нарын мэргэжил маш хэцүү, бэлтгэлээ долоон хоног тасалдуулахад л бие хүндрээд хэцүү болчихдог. Тэгэхээр бэлтгэл сургуулилтаа сайн хийж, биеэ сайн гамнавал хэдэн нас хүртлээ ч хийхэд боломжтой гэж би боддог.

-Монголдоо ирвэл хамгийн түрүүнд хийхийг хүсэж байгаа зүйл чинь юу вэ?

-Хамгийн түрүүнд гэрийнхэнтэйгээ уулзана. Гэр бүлтэйгээ уулзаагүй их удаж байна. Хурдхан очиж тэвэрмээр байна. Одоо гэрийнхэнтэйгээ уулзаагүй 246 хонож байна, хоног тоолон хүлээгээд л байж байна. Бас Монголдоо очихоороо уран нугаралтаараа бичлэг хийж, клипжүүлэе гэж бодож байгаа. Дуучид, хөгжимчид шиг уран бүтээлээ клипжүүлж үлдээхээр шийдээд 2016 оноос хойш жил бүр Монголд очихдоо богино хэмжээний клип хийж гаргасан байгаа. 2020 онд харин Коронавирусээс шалтгаалаад хийж чадахгүй байх вий гэж бодож байна. Хэрвээ боломжтой бол хамгийн ойрын төлөвлөгөө бичлэгээ хийх л байна даа. Дандаа л шинэ уран бүтээл бэлдэх юмсан, шинэ юм хийх юмсан л гэж боддог.