Хоёр иргэн морьтой хил давж ОХУ-д очоод, буцаж ирэхдээ баригдаж тусгаарлагджээ

Хоёр иргэн морьтой хил давж ОХУ-д очоод, буцаж ирэхдээ баригдаж тусгаарлагджээ

Увс аймгийн Давст сумын морьтой хоёр иргэн шинэ коронавирусний халдварын голомттой ОХУ-ын хил давж буцаж ирэхдээ баригдаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагджээ. 

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Одоогоор дээрх хоёр иргэнээс коронавирусний шинж тэмдэг илрээгүй. Олон хүний хөдөлмөрийг үгүй хийж болохуйц үйлдэл хийж тахлын өндөр эрсдэлтэй газар зорчсон. Тиймээс ОХУ-тай хиллэдэг аймгийн иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" хэмээн ярилаа. 

Тухайн хоёр иргэнийг Монголын долоон офицер, эмнэлгийн ажилтнууд саатуулж, тусгаарлах ажлыг гүйцэтгэжээ. ОХУ-д 24 цагийн дотор 8952 хүн шинэ коронавирусний халдвар авсан байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Эрхүү, Чита мужид өвчлөл 27- 168-аар нэмэгдсэн аж. Тухайлбал, Эрхүү хотод халдварын 168 тохиолдол шинээр нэмэгдсэн буюу өмнөх өдрийнхөөс 108-аар ихэсчээ.