Онцгой комиссын ажилтан Монгол руу ирэх хүсэлтэй иргэдээс хахууль авдаг уу

Онцгой комиссын ажилтан Монгол руу ирэх хүсэлтэй иргэдээс хахууль авдаг уу

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хилээ хаасан. Энэ хугацаанд гадаадад гацсан монголчуудын асуудал хамгийн их тулгамдсан асуудал болоод байна. Байр, хоолны мөнгөгүй гудамжинд гарахдаа тулсан олон иргэн дэлхийн өнцөг булан бүрээс өдөр бүр асуудлаа ярин холбогдох газарт хандаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд цар тахлын хор, хөнөөл хэзээ багасна тэр үед хилээ нээнэ гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн.

Тиймээс тусгай нислэг үйлдэн өөрсдийн боломжинд тулгуурлан иргэдээ эх оронд нь авчрахаас өөр сонголтгүй болоод байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш манай улс 9068 иргэнээ татан авчраад байна.

Гэхдээ энэ нь хангалттай тоо биш. Өнгөрсөн 13-ны өдрийн байдлаар 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй. Тэгэхээр тусгай нислэгийг хэдэнтээ нисгээд ч дээрх тооны иргэдийг авчрахад асуудалтай. Мөн цаг хугацааны хувьд нислэг хүлээгдэхээс өөр аргагүй. Учир нь тусгаарлах байр, эмнэлгийн ажилтнуудын ачааллаас шалтгаалж дараагийн нислэгээ үйлдэж буй билээ.

Энэ мэт асуудлаас үүдэн гаднаас ирэх хүмүүсийн дунд өрсөлдөөн бий болоод удаж байна. Улсын онцгой комиссоос жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өвчтэй, өндөр настай гэх мэт хүндэтгэх таван шалтгаантай хүмүүсийг авчирна гэсэн шийдвэрийг гаргасан.

Гэтэл бодит байдал дээр уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй дарга нар гэр бүл, ах дүү, найз нөхдөө өвчтэй хүмүүсийн өмнүүр оруулж авчирч байна гэх мэдээлэл өнгөрсөн өвлөөс хойш яригдаж байна.

Тухайлбал, өндөр настай өвчтэй хүн ирж чадалгүй Солонгост үлдсэн байхад Люмино хамтлагийн дуучин Баажий ирсэн тохиолдол бий. Мөн хүнд өвчтэй, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн хүмүүс ирж чадаагүй байхад мөнгөтэй, эрх мэдэлтэй олны танил эрхмүүдийн хүүхдүүд ирсэн гэх мэт маш их шүүмжлэл одоо ч гарсаар байна. 

-ЭРҮҮЛ САРУУЛ ЗАЛУУ БҮСГҮЙ ХҮНД ХАГАЛГААНД
ОРСОН ЭМЭЭГИЙН ӨМНҮҮР ОРЖ МОНГОЛ ЯВСАН-

Энэ талаар тодорхой гомдол ч их гарч байгаа. Тэгвэл гадаадаас иргэдийг татан авчрахтай холбоотойгоор авлигал, мөнгөний хууль бус ажил ч мөн газар авсан гэх мэдээлэл гарч эхэллээ.

Тухайлбал, иргэдийг сонгон шалгаруулж авчрах ажлыг Улсын онцгой комисс гардан гүйцэтгэдэггүй. Харин Улсын онцгой комиссын шуурхай штаб, тухайн улсад ажиллаж буй Элчин сайд яам зохион байгуулдаг.

Тэгвэл шуурхай штабын албан тушаалтнууд иргэдээс мөнгө авч Монгол руу авчирж байна гэх мэдээллийг иргэн Б.Далхсүрэн өөрийн цахим хуудаснаа илчилжээ.

Тодруулбал, Онцгой комиссын ажилтан Пүрэвдорж Энхбат гэх хаягтай хүн нэгэн иргэнээс 1.5 сая төгрөгийг шаарджээ. Мөнгийг өгсөн тохиолдолд Монгол руу ирэх хүмүүст оруулах боломжтой талаар тайлбарлаад өөрийн утасны дугаарыг хүртэл өгсөн байна. Бид тухайн иргэний дугаар руу залгаж мэдээлэл авах гэхэд холбогдох боломжгүй байсан юм.

Мөн энэ сарын 8-ны өдрийн Австралийн онгоцоор ирсэн 200 гаруй хүний дунд Улсын онцгой комиссоос тавьсан шалгуурыг хангаагүй эрүүл саруул, залуу охин ирсэн талаар нэгэн бүсгүй өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тус охины мэдээлснээр “Үнэтэй брэндийн эдлэл хэрэглэдэг эрүүл, саруул залуу бүсгүй таван сартай жирэмсэн мөн хүнд хагалгаанд орсон эмээгийн өмнүүр орж Монгол явсан. Тэр бүү Монгол руу явж буйгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байгаа” хэмээн шүүмжилжээ.

Энэ мэт Монгол руу ирэх хүмүүсийг сонгох шалгаруулахдаа шударга бус ажиллаж мөнгө авч байна гэх мэдээлэл байна.