Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин тус оргилын 4-р кемпээс дээш яваад 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болж, хоёр хоногийн турш холбоо бариагүй байгаа юм. Улмаар хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компани аврах ажиллагааг эхлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
“Хүннү хайкинг” клубт харьяалалтай уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэр гэгддэг 8848.86 метр өндөр оргил болох Эверест рүү авирахаар болж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо мордсон юм байна. Ингэхдээ монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, мөн хөтөчгүйгээр авирах гэж байгаагаараа онцлог гэдгийг бид өмнө нь дурдаж байв. Тэд “үндсэн отгоос дээш бүх ачаагаа үүрч, бүх отгоо өөрсдөө барьж явна” гэдгээ мэдэгдээд байсан.
Энэ талаар багийн ахлагч Д.Отгонхүү ярихдаа “Манай багийн авиралтын гол зорилго, онцлог нь нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр авирах юм. Бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өөрсдийгөө сорихыг хүссэн. Бүтэн нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хийсэн болохоор алзахгүй байх. Бүгд 10-аас дээш жил ууланд авирсан, алхсан учраас өөрсдөдөө итгэлтэй байна” гэсэн юм.
Тэгвэл уулчдыг эрэн хайх ажиллагааны явцын талаарх хамгийн сүүлийн мэдээллээр, “4-р баазаас дээш нэмэлт хүчилтөрөгч, шерпа дэмжлэггүйгээр авирч байсан монголын хоёр уулчин хамгийн сүүлд ням гарагийн 19:30 цагт баазтай радио холбоо барьсан байна. Ингэхдээ “маргааш өглөө оргилд гарахаар төлөвлөж байна” хэмээжээ.
Гэвч үүнээс хойш дахин холбоо бариагүй аж. Мөн 8K Expeditions-ээр хангагдсан уулчид зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан бөгөөд шил, O2 зэрэг зарим зүйлсийг хөлсөлсөн байна. Энэ талаар 8K Expeditions компанийн гүйцэтгэх захирал Лакпа Шерпа "Эверестийн шастир" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Тэд ур чадвар, хүч чадалдаа итгэлтэй байсан. Өөрсдийгөө мэргэжлийн уулчид бөгөөд шерпагийн дэмжлэг шаардлагагүй гэж бидэнд хэлсэн. Бид тэдэнд хөтчөө үнэ төлбөргүй санал болгосон ч тэд хүсэлтээс татгалзсан. 8K Expeditions компаниас Аржун Карки, Лангка Рам Таманг хэмээх хоёр уулчныг 4-р бааз руу илгээсэн. Хосууд эрлийн ажлыг зохицуулж, оргилоос буцаж буй уулчдаас монголчуудыг харсан эсэхийг асууж, байршлыг тогтоохоор ажиллаж байгаа” гэжээ.
Өнгөрсөн бямба гаригт шерпагийн баг оргилд гарах замыг нээснээс хойш Эверестийн оргилыг олон тооны уулчин зорьсон байна. Гэтэл тавдугаар сарын 13-ний үдээс хойш нөхцөл байдал эрс муудаж, ууланд маш хүчтэй салхи шуурч эхэлсэн талаарх мэдээллийг Лакпа дээрх ярилцлагын үеэр дурдав.
Иймд өчигдөр /2024.05.14/ оргилд гарахаар төлөвлөж байсан хүмүүс хүчтэй салхины улмаас ухарч эхэлсэн байна. Зарим багууд цаг агаар намжихыг хүлээж байгаа ч цаг уурын нөхцөл байдал, салхины хурд таамаглахад эргэлзээтэй байгаа аж. Түүнчлэн монголын хоёр уулчин алга болсон нь Эверестийн аюулгүй байдлын талаарх маргааныг дахин эхлүүлж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Уулчид Recco радарын цацруулагч зүүх үүрэгтэй байдаг ч энэ төхөөрөмж нь Эверестийн дээд энгэр газруудад явган хайлт хийхэд ашиглах боломжгүй байдаг байна. Мөн 4-р бааз нь нисдэг тэрэгний өндрийн хязгаараас хол давсан тул агаарын хайлт хийх боломжгүй бөгөөд монголын уулчид GPS-д суурилсан хяналтын систем авч явсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.