ШУУРХАЙ: Эверест ууланд сураггүй болсон монголын хоёр уулчныг аврах ажиллагааны зардал болох 32 мянган ам.долларыг гэр бүлийнхэн нь өгч, аврах ажлыг эхлүүлжээ

ШУУРХАЙ: Эверест ууланд сураггүй болсон монголын хоёр уулчныг аврах ажиллагааны зардал болох 32 мянган ам.долларыг гэр бүлийнхэн нь өгч, аврах ажлыг эхлүүлжээ

Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоо барилгүй, 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Монголын Уулчдын Үндэсний Холбооноос “Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан. Авиралтаа эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.05.14/ нэн яаралтай эхлүүлэхээр боллоо. Туслах хүсэлтэй мессежүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсч байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно” гэж мэдэгдлээ.

Харин манай сайтын редакц хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компанитай холбогдож энэ талаар тодруулахад, "Монголын хоёр уулчин алга болоод байгаа нь үнэн. Бид тус бүстэй ойролцоо байгаа хөтчүүдээс мэдээллийг тодруулж байна. Эрэн хайх бага явуулах гэж байгаа” гэсэн юм.

Тэгвэл монголын хоёр уулчныг эрэн хайх ажиллагааны зардал 32 мянган ам.доллар болох бөгөөд хоёр уулчны ар гэрийнхэн аврах ажиллагааны төлбөр, зардлыг бүрэн шийдвэрлэж, тэднийг аврах ажиллагаа эхлээд байгаа ажээ.