Хөшөө дагаж хөгжил ирдэггүйг "эрхэм" түшээдүүд минь хэзээ ойлгох вэ

Хөшөө дагаж хөгжил ирдэггүйг "эрхэм" түшээдүүд минь хэзээ ойлгох вэ

2020 он. Дэлхий нийтэд коронавирус "заналхийлж", улс орнууд эдийн засаг, эрүүл мэнд, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар хөл дээрээ "дэнчигнэн" зүтгэж байхад хөх Азийн Монголын түшээд харин хөшөө, дурсгал барихад хөрөнгө багагүй зарцууллаа. Талбайн усан оргилуур, “Андлалын Өргөө” гээд ард иргэдийн хөрөнгөөр боссон “бүтээн байгуулалт” нэртэй бүтэлгүйтлүүд ард иргэдийн бухимдлыг төрүүлсээр.

ЗУНЫ ГУРВАН САР АЖИЛЛАХ 3,2 ТЭРБУМЫН УСАН ОРГИЛУУР

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлье. Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Тухайн үед иргэд ихээр эсэргүүцэн нэг хэсэг нь “Цар тахлын үеэр цамаан загнаж, хэрэггүй зүйлд мөнгөө үрлээ” гэж байсан бол нөгөө хэсэг нь “Бүтээн байгуулалт хийж болно. Гэхдээ төв талбайд биш. Хотын захын Баянхошуу, Дэнжийн 1000, Таван буудал, Ногоон нуурт энэ усан оргилуурыг барих хэрэгтэй” гэх мэтээр санал бодлоо илэрхийлж байсан. Түүнчлэн 20 гаруй эрдэмтэн үүнийг эсэргүүцэж, тайлбарласан бичгээ холбогдох хүмүүст хүргүүлж байлаа.

Тухайлбал, Байгалийн ухааны доктор, профессор Д.Бор "Дэлхийн 200 гаруй улс аймшигт цар тахалд нэрвэгдсэн цаг үед бид амьдарч байна. Ийм үед хонхтой цэцэрлэгт хүрээлэн барина гэдэг цагаа олоогүй ажил. Энэ нь бүтээнэ гэхээс илүү үрж сүйтгэх л ажиллагаа болно. Өнөөдөр бусад орнууд хэрхэн энэ вирусээс амьд үлдэх талаар ярьж байхад манайд 3.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж 15 тэрбум төгрөгийн бүтээлийг устгаж, усан оргилуур барих тухай ярьж байгаа нь үнэхээр цагаа олоогүй ажил” гэж хэлж байв.

Гэсэн ч эрх мэдэлтэй, эрхэм түшээдүүд 3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, тендер зарлалгүй Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэх шийдвэрийг гаргасан. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Хорио цээр тогтоохоос өмнө  хаврын бүтээн байгуулалт гэж хийгдэхээр өнгөрсөн нэгдүгээр сард хөрөнгө санхүү нь зохих ёсны хүрээнд шийдэгдсэн асуудал. Хийсний дараа иргэд өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ өгнө байх” гэж байсан. Үнэхээр зураг шигээ, иргэд амрах зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх жуулчдын амыг гайхуулах цэцэрлэгт хүрээлэн болж чадсан бол хэн ч, юу ч хэлэхгүй байлаа.

Гэвч бодит байдал дээр усан оргилуурыг үзэхээр зорьж очиход чанга яригчаар, чих дөжиртөл “Усан оргилуурын тавцан дээр зогсож болохгүй”, “Хүүхдүүдээ энд гаргаж болохгүй, тэнд ч гаргаж болохгүй” гэж харуул, хяналтын бололтой нэг хүн байнга “загинана”. Хамгийн сонин нь усан оргилуур оргилохгүй байв. Ойр хавийн хүмүүсээс асуухад “21 цагаас хойш ажиллана” гэв.

Монголоос өөр хаана ч төв талбайд усан оргилуур өндөр төсвөөр барьчхаад цагийн хуваариар ажиллуулж байхыг харахгүй л болов уу. Гэтэл өвөл энэхүү усан оргилуурын талбайг хэрхэн ашиглах нь тодорхойгүй хэвээр. Зөвхөн зуны гурван сарын амьтай, 3,2 тэрбумын өртгөөр боссон усан оргилуураар бид яах билээ.

АНДЛАЛЫН ӨРГӨӨ АРД, ИРГЭДИЙГ БУХИМДУУЛСААР

“Бүхэл бүтэн хоёр тэрбумаар тоглож байна”, “Андлалын Өргөөгөөр аялал жуулчлал хөгжих нь юу л бол”, “Жуулчид Андлалын Өргөөг сонирхохоор очно гэж үү”... Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд энэ мэт үгс хөвөрсөөр.

Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө”-г хэмээх цогцолбор сүндэрлэсэн. Хөшөө дурсгал бус аялал жуулчлалын байгууламж нэртэй.

Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж гэжээ. Тус цогцолборыг байгуулах төсөв таван тэрбум төгрөгөөр хэмжигдсэний хоёр тэрбумыг нь улсын төсвөөс гаргаж, үлдсэн гурван тэрбумыг хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлсэн гэх мэдээлэл бий. 

Иймд энэ жилийн улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгасан бөгөөд ирэх жил 600 сая төгрөг тусгуулахаар ажиллаж байгаа хэмээн мэдээлэгдэж байв.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүтээн байгуулалт хэмээн олон ам сайтай хүлээн авсан ч бодит байдал бас л тэс ондоо байв. Андлалын Өргөөнд очсон нэгэн иргэн “Арай л хүндэтгэлгүй... Энэ өргөөний хоёр талд байх чонын гэдсэнд ороод дээш мушгирсан төмөр шатаар гарна. Түүгээр өгсөж байхад эртний Европын дундад зууны цайзын доор орших төмөр шоронд яваа мэт сэтгэгдэл төрнө. Төмөр хяхнаж, харанхуйлж, тал талаас бачимдаж... гинж харжигнаж... Хоёр биерхүү хүн зөрөх ч аргагүй давчуу. Дээш гараад тэр бөгс эргэх зайгүй мухарт ер яах ч юм бүү мэд. Ямар нэгэн ёслол үйлдэхэд хэцүү. Чонын чихээр харах шагайвчтай бололтой. Хөшөөний дор буюу бидний хэлж сурснаар подвальд арай уужуу танхим байх. Хараахан дуусаагүй байна. Тэнд ямар нэгэн тохижилт хийгдэх байх, юутай ч одоо шалан дээр дэлгэчихсэн байгаа хулдаасан хэвлэлийн Монголын эзэнт гүрний газрын зураг байхгүй байх гэж найдаж байна.

Харин тэндээ 00-той. Газар мундсан биш тэр 00-ийг гадаах машины зогсоолын дэргэд хийж болдоггүй юм болов уу? Ядаж байхад өнөөх 00-ийнхоо агааржуулагчийг гадаах дөрвөн буланд байгаа шавран шагайныхаа дундуур нүхлээд гаргачихсан.

Ингэхэд андлалын ёс зан үйлийг хаана хийх юм бол, тэр дээр байгаа давчуу харанхуй хонгилд уу” гэжээ. Бүтээн байгуулалтын ажил нь хараахан дуусаагүй байгаа ч эхнээсээ л олны эсэргүүцлийг хүртээд эхэллээ.

Гэтэл 2,8 тэрбумаар юу хийж болох байсан бол. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, эмнэлэг, музей... Эрхэм түшээдүүд Эх Нялхаст очиж үзсэн болов уу. Хана тааз нь нурах шахсан Эх Хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв саяхан засварт орсон ч дутагдалтай зүйл маш их. Ханиад томууны үеэр эмнэлэгт хэвтэх оргүй ээжүүд хүйтэн хонгилд хүүхдээ тэврээд хонодог дүр зургийг тэд мэддэг болов уу. Хүлээлтдээ хүрээгүй хөшөө, дурсгалд хөрөнгө мөнгөө зарж байхад, насаараа улсад татвар төлсөн иргэд өвдөж, зовохын цагт улсын цөөхөн эмнэлэгт хэдэн цаг дугаарлан байж үзүүлдэг эрүүл мэндийн тогтолцоо XIX зуунд манайд оршсоор л байна. Мэдээж бүтээн байгуулалт хийж буйг буруутгахгүй. Гэхдээ бидэнд хүлээлтдээ хүрээгүй хөшөө дурсгалаас илүүтэй иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах эмнэлэг, хүүхдүүдэд аюулгүй тоглох талбай, ирээдүй хойчид маань сурч боловсрох сургууль хэрэгтэй байна. Үүнийг эрхэм түшээдүүд хэзээ ухаарах вэ?