ЭМЯ: Өнөөдөр гурван хүн эдгэрч, сувилал руу шилжлээ

ЭМЯ: Өнөөдөр гурван хүн эдгэрч, сувилал руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр /2020.08.24/ нийт 625 хүнд шинжилгээ хийснээс 624 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ. Тус иргэн нь 45 настай, ОХУ-ын иргэн аж.Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 67 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг иргэний биеийн байдал хүнд байгаа юм байна.

Дэлхийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Европын орнуудад халдварын тархалт намжихгүй байна. Дэлхий даяар нийт 21 сая гаруй хүн халдвараар өвчилсөн бол, 759 мянган хүн нас бараад байна. ДЭМБ-аас сүргийн дархлааа үүсэхийг хүлээвэл халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна. Саяхан Шинэ Зиланд улс дотоодод халдвар тархаагүй 100 дахь өдрөө тэмдэглэж байсан ч 102 дахь хоног дээрээ нэгэн гэр бүлээс халдвар илэрлээ” гэлээ.

Одоогоор БНХАУ-ын “Сина-фарм” компанийн бүтээж буй вакцин хамгийн сайн дархлаа үүсгэж байгааг АНУ-ын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Мөн “Модерна” компаны бүтээж буй вакциныг энэ оны сүүлээр гарч болзошгүй хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм байна. Уг вакцины туршилт маш амжилттай явагдаж байгаа бөгөөд хүүхдэд ямар тунгаар тарихыг судалж байгаа аж. Одоогоор эрдэмтэд эдгээр хоёр вакциныг хамгийн амжилттай яваа хэмээн үзэж байна.

Түүнчлэн "Иргэд болон худалдагчид амны хаалт зүүх нь багассан. Амны хаалт зүү гэж шаардлага тавихаа больсон нь харагдаж байна. Өмнөд Солонгос, БНХАУ, Австралид худалдааны газруудаас коронавирус илэрч байгаа тул худалдан авагчид амны хаалт зүүх, худалдааны байгууллагын ажилчид ч шаардлага тавих хэрэгтэй"-г анхаарууллаа.