ХЭРГИЙН ГАЗАР: Нас барсан иргэн гэртээ олон хоносон байх магадлалтай гэв

ХЭРГИЙН ГАЗАР: Нас барсан иргэн гэртээ олон хоносон байх магадлалтай гэв

Энэ сарын 28-нд нэгэн иргэн гэртээ ганцаараа байхдаа учир битүүлэг байдлаар нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нэгэн байранд гэртээ хүн нас барсан байж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг цагдаагийн байгуулагаас наймдугаар сарын 28-ны өдрийн 13:04 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:19 цагт очиж, аврах олс ашиглан цонхоор ороход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Бид энэ хэргийн дагуу газар дээр нь очиж, нөхцөл байдлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүрэгт байрлах тус байрыг зорьлоо. Биднийг очиход тус хороолол хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд багачууд шуугилдан тоглоно. Харин байрны орц руу ороход нам гүм ямар ч хүн зөрж харагдсангүй. Гадаа тоглож байсан хүүхдүүдээс лавлахад “мэдэхгүй тийм хэрэг сонсоогүй” гэсэн хариутыг өгөв.

Харин тус байранд оршин суудаг гэх нэгэн хижээл насны эмэгтэй “Тийм хэрэг гарсан. Өчигдөр энэ хавиар онцгой байдлын болон, цагдаагийн хувцастай хүмүүс ирээд айлын цонхоор орж байсан. Хүн нас барсан байна гэж бодсон юм. Анх цагдаад хажуу айлын хүмүүс нь мэдэгдсэн байх. Гэртээ нас бараад олон хоносон байж магадгүй. Залуу хүн байсан гэж сонссон” гэсэн мэдээллийг өглөө.

Бид энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн ахмад н.Батсайхантай холбогдоход “Тийм хэрэг гарсан. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг нарийвчлан шалгаж байгаа” гэсэн юм.

Гэртээ ганцаараа байхдаа нас барах тохиолдол ховорхон гардаг бөгөөд ихэвчлэн энэ хэргийн талаар хөрш айлууд нь цагдаагийн газар мэдэгдэх нь их байдаг билээ.