С.Жаргалсайхан: Хүүг минь дайрч хөнөөсөн цагдаа зөрчлийн хуулиар торгуулчхаад, одоо ч ажлаа хийж байна

С.Жаргалсайхан: Хүүг минь дайрч хөнөөсөн цагдаа зөрчлийн хуулиар торгуулчхаад, одоо ч ажлаа хийж байна

Өнгөрөгч 2018 оны зургадугаар сард цагдаагийн алба хаагч зам хөндлөн гарч явсан иргэнийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, Баянхошууны Хөтөлд тухайн өдрийн 22:37 цагийн орчимд зам хөндлөн гарч явсан 25 настай А-г Налайхын дүүргийн цагдаагийн жолооч Э.Төрмөнх албаны автомашинаар дайрч хөнөөсөн байдаг.

Гэтэл энэ хэргийн мөрдөн байцаалтын явц дуусаж прокуророос хэргийг хаахаар болсон тухай ар гэрийнхэнд нь 2019 оны тавдугаар сард мэдэгджээ. Хүүгийнх нь амь насыг хохироосон цагдаа зөрчлийн хуулиар 50-100 мянган төгрөгөөр торгуулчхаад, одоо хүртэл ажлаа хийж байгаад ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Энэ талаар талийгаачийн ээж С.Жаргалсайхан хэвлэлд хандаад байгаа юм.   

-ГАРЦГҮЙ ГАЗРААР ГАРСАН ГЭДЭГ ГАНЦХАН ШАЛТГААНААР МИНИЙ ХҮҮГ БУРУУТГАЖ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХЭРГИЙГ ХААСАН-

-Хүүгийн тань амь нас хохирсон харамсалтай явдал хэзээ болсон бэ. Тухайн үед юу болж өнгөрсөн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2018 оны зургадугаар сарын 26-ны өдрийн  22:37 цагт Баянхошууны Хөтөлд зам хөндлөн гарч явсан миний хүүг Налайхын цагдаагийн жолооч Төрмөнх дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үед маш хурдтайгаар урсгал сөрж орж ирж миний хүүг мөргөхөд ЗУРГААН метр газар шидэгдэж нас барсан байдаг. Миний хүү хоёр урсгалтай замын эхний урсгалыг гарчхаад голын цагаан зураасан дээр дараачийн зам гарах гээд зогсож байтал урсгал сөрж орж ирээд дайрсан байдаг. Өгсүүр газар маш хурдтай орж ирсэн. Гэтэл 10 цагт энэ үйл явдал болоход шөнийн 03:00 цаг өнгөрч байхад бидэнд мэдэгдсэн. Би бараг 5 болж байхад мэдсэн. Тэгээд цогцос таниулахаар манай том хүүг оруулж “танай дүү мөн үү” гэж асуусан байна лээ. Танигдахын аргагүй болсон дүүгээ хараад ухаан алдаж унаснаасаа хойш манай том хүү амьсгалын аппраттай байж байгаад боссон юм. Энэ хэрэг цагдаа шүүхийн байгууллагаар яваад прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож хаах шийдвэрийг гаргаад байгаад гомдолтой байна.   

-Хэргийг хаах үндэслэл юу вэ. Энэ талаар та бүхэнд мэдэгдэж, тайлбарлав уу?

-Миний хүүг гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэдэг ганцхан үндэслэлээр буруутгаж байгаа юм билээ. Гарцгүй газраар гарахдаа өөрөө гүйж ирж, машинд дайруулсан гэж үзсэн. Гарцгүй газраар гарч байна гээд хүмүүсийг дайраад алаад байдаггүй биз дээ. Хүн байтугай нохой байсан ч гаргаж байж гардаг шүү дээ. Миний хүүг жаахан юм уусан л гээд байгаа. Бид дараа нь сураглахад найзуудтайгаа маш бага буюу пиавны тал ч хүрэхээргүй хэмжээтэйг уусан юм билээ. Хүү минь архи ууж тамхи татдаггүй хүүхэд. Тухайн өдөр найзуудтайгаа уулзахад шахалтад ороод пиавны талыг ч уугаагүй байсан. Задлан шинжилгээний хариугаар ямар ч согтолтгүй гэж гарсан юм л даа. Бид гомдолтой байгаагаа илэрхийлж хэрэгтэй холбогдох бичиг баримт, бичлэгийг дахин өгсөн. Ингээд хэрэг буцаж задраад одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд та бүхэнтэй уулзсан уу. Уулзаад юу гэж хэлсэн бэ?

-Ажил явдлын үеэр Э.Төрмөнх гэх залуутай уулзъя гэсээр байгаад уулзсан. Юу ч ярьж чадахгүй байна лээ. Түүнээс хойш хоёр талын өмгөөлөгчтэйгээ бас уулзсан. Өмгөөлөгч нь тэр Э.Төрмөнхийг “Хөгшин настай ээжтэйгээ амьдардаг. Амьдрал нь маш хэцүү байдаг” гэж ярьж байна лээ. Амьдрал хэцүү ч гэсэн тэр өнөөдөр амьд явж байна. Гэтэл миний хүү надад хэзээ эргэж ирэхгүй шүү дээ. Тухайн үед Налайх дүүргийн цагдаагийн хошууч н.Түвшинбаатар, Налайх дүүргийн замын цагдаагийн дарга н.Сумъяа зэрэг хүмүүс ар гэрт минь ирсэн байдаг юм. Ажил явдал болохоос өмнө тасралтгүй ирж талийгч хүүгийн минь ахад нь “Ар гэрийнхнийг нь, гэдсэнд үлдсэн хүүхдийг нь насаар нь харж хандана” гэх зэргээр маш их зүйл ярьж байсан. Харин нутаглуулснаас хойш дахин нэг ч удаа яриагүй, ирээгүй.

-АВТО УГААЛГЫН ГАЗРУУДЫН БИЧЛЭГИЙГ “ХОХИРОГЧИЙН ТАЛААС ЯВЖ БАЙНА” ГЭЭД УСТГАСАН БАЙСАН-

-Цагдаагийн байгууллагаас осол гаргасан цагдааг хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргасан гэх мэдээлэл бий. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Өнөөдөр Монгол Улсад гарцаар гараагүй хүнийг цагдаагийн ажилтан дайраад алж болно гэсэн хууль байхгүй биз дээ. Гэтэл цагдааг хууль зөрчөөгүй гээд байгаа юм даа. Тухайн цагдааг өгсүүр газар 55 км цагийн хурдтай явж байсан гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл 55 км цагийн хурдтай машин хүн мөргөвөл хэзээ ч ЗУРГААН метр хол газар шидэгдэхгүй шүү дээ. Дараа нь яг тэр осол болсон замд манай ах дүү нар туршилт хийж 55 км цагийн хурдтай явж тоормос гишгэхэд машин шууд л нам зогсож байна лээ. Тэгэхээр 55 км цагийн хурдтай биш 100-120 км цагийн хурдтай явсан нь гэж үзэж байгаа. Миний хүүгийн дагз, чамархай цөмөрсөн, гавлын суурь яс хугарсан, баруун шанаа цөмөрсөн, уушиг бяцарсан гээд аймшигтай дүгнэлт гарсан. Би үнэхээр гомдолтой байна. Налайхын цагдаа яагаад оройн цагаар Баянхошуунд яах гэж, юу хийж явсан бэ гэдэгт гайхаад байгаа юм.

-Цагдаагийн унаж явсан машины дүгнэлт юу гэж гарсан бэ?

-Бүрэн бус техниктэй гэсэн дүгнэлт  гарсан. Урд талын хоёр тоормос 1,9 болон 1,6 гэж өөр өөр барьсан. Харин хойд хоёр нь бариагүй, буюу зогсоогүй. Тэгэхээр тоормос гишгэхээс өмнө миний хүүг дайрснаас ЗУРГААН метр хол газар шидэгдэж нас барсан. Тоормос гишгэсэн бол өнөөдөр би тахир дутуу ч гэсэн хүүгээ хараад сууж байх байсан гэж боддог юм. Гэтэл өнөөдөр хүүг минь дайрч алсан цагдаа зөрчлийн хуулиар 50-100 мянган төгрөгөөр торгуулчхаад, юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд явж байна. Зөрчлийн хуулиар торгоод, “жолооны үнэмлэхийг нь олгосугай” гэдэг захирамж хүртэл гаргачихсан байсныг нь харсан. Налайхаас Баянхошуунд орон нутаг алгасаж ирсэн цагдаа хүний сайхан үрийг, ханийг, эцгийг дайраад алчихсан байхад зүгээр л зөрчлийн хуулиар торгоод өнгөрч болох уу.  

-Осол гаргасан цагдаа Э.Төрмөнх хаана юу хийж байна вэ?

-Налайх дүүргийн замын цагдаагийн дэслэгч цолтой. Одоо ч тэр албан үүргээ гүйцэтгээд ажиллаж байгаа. Хүний амь насыг хохироочихсон хүнийг дарга нар нь яагаад одоо хүртэл байлгаад байгааг ойлгохгүй байна.

-Осол болсон газрын дэргэдэх авто угаалгын газрын камерт үлдсэн бичлэгийг цагдаа нар устгасан гэдэг мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Осол болсон газарт хоёроос гурван авто угаалгын газар байдаг юм. Тэдний камерийн бичлэг бүгд устгагдсан. Бид талийгаачаа алдчихаад ухаан санаа самуурч явах хойгуур “Хохирогчийн талаас явж байна. Бичлэг үзээд хуулж авъя” гэж гурван бүдүүн залуу очсон байдаг юм билээ. Хоёр хоногийн дараа очход бичлэгүүдийг аль хэдийн устгасан байсан. Харин тухайн үед “ТВ4 телевиз”-ийн сурвалжлах баг миний хүүгийн осолтой таарч, бичлэг хийж баримтжуулж цацсан байдаг. Тэр мэдээ цацагдсаны маргааш нь ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат тухайн телевизэд очиж, сэтгүүлчдийг загнаж, дарамталсан гэдгийг дараа нь олж сонссон. Бас хүү минь 11 цагт нас барчхаад байхад гэрийнхэнд нь олон цагийн дараа удаж байж хэлсэнд бас их учир бий.

-ТҮРГЭНИЙ ЭМЧИЙГ “ХЭМЖИЛТ ХИЙЖ БАЙНА, ТҮР БАЙЖ БАЙ” ГЭЭД ЦАГДААГИЙН МАШИНУУД ТОЙРЧ ЗОГСООД, ОРУУЛАХГҮЙ БАЙСАН-

-Ямар учир байгаа вэ?

-Хүүг минь дайрсны дараа түргэний тэрэг ирсэн байдаг. Түргэний эмчийг “Хэмжилт хийж байна. түр байж бай” гээд хэргийн газрыг цагдаагийн дөрөв таван машин тойрч, хааж зогсоод оруулахгүй байсан гэж байгаа юм. Аль хэдийн өнгөрчихсөн болоод тэгсэн юм уу, энэ муу согтуу яадаг юм гэж бодсон уу бүү мэд. Хэргийн ул мөрөө баллаж дайрсан машиныхаа байршлыг өөрчилж хөдөлгөх гэж тэгсэн гэж хардаж байна. Дайрсан хүний буруу болгохгүй нь тулд машинаа хүртэл хөдөлгөж, хэмжилтээ өөртөө ашигтайгаар хийсэн. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. “Хамгийн түрүүнд эмнэлгийн бараа харуулсан бол” гэсэн бодол харуусал надад бий. Тахир дутуу ч гэсэн амьд байсан бол гэж бодох юм. Заримдаа газар хий гишгэж байгаа юм шиг унах шахаж, араас нь явчих юмсан гэж бодогддог. /уйлав.сурв/

-Талийгаач юу хийдэг хүн байв?

-Монгол Солонгосын политехникийн коллеж төгссөн. Дараа нь гэрээт цэргийн алба хаасан. Цэргээс ирээд “ажилгүй байж байхаар хөдөлж л байя, ээж минь” гээд барилга дээр туслах ажил хийж байсан. 25 хан настай хүү минь дөнгөж амьдрал зохиож эхлээд тусдаа гараад ганцхан сар болж байсан юм шүү дээ. Эхнэр нь тавхан сартай жирэмсэн үлдсэн. Одоо хүү нь төрөөд долоон сартай болчихлоо. Ард нь үлдсэн эхнэр, хүүхэд нь л хамгийн хэцүү байна. Хүний хайлан байсан хүүг минь дайраад алчхаад зүгээр нэг архичинг дайраад алсан юм шиг мэдээллийг анх зурагтаар цацсан. Архичин байсан ч дайрч алах ёсгүй биз дээ. Хүний амь насыг хохироочхоод зогсохгүй тэр хүнийг хэн ч биш байсан юм шиг харлуулж чадаж байна.

-Цаашид хаана хандаж, яаж хөөцөлдөх бодол байна вэ?

-Шат дараатай газраар явах газруудаар бүгдээр нь явж хөөцөлдөнө. Одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Мөрдөн байцаалт дуусаад буцаад прокрорт очно. Прокуророос буцвал би дахиад л нотлох баримтуудаа цуглуулаад уйгагүй тэмцэнэ. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж дуугарна. Энэ хугацаанд маш хүлээцтэй хандаж, зөвөөр шийдэгдэх болов уу гэж харлаа.

Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа.




Иргэд маск авахаар дугаарлаж байна

49 минутын өмнө

Шуурхай мэдээ
Эрүүл мэндийн яамны мэдэгдэл

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ