Э.Мөнхгэрэл: Худагт булуулсан ээжийгээ олох гэж долоон жил дүү бид хоёр амьдын тамд байлаа

Э.Мөнхгэрэл: Худагт булуулсан ээжийгээ олох гэж долоон жил дүү бид хоёр амьдын тамд байлаа

-ЭЭЖИЙГ МИНЬ БҮДҮҮН ОЛСООР ХЭВЛИЙ, ХҮЗҮҮ, ТОЛГОЙ ХЭСГЭЭР НЬ ХҮЛЭЭД ХУДАГ РУУ ШИДСЭН БАЙСАН-

Долоон жилийн өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон М гэх эмэгтэйн цогцос Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны ... гудамжны ... тоотоос саяхан олдсон билээ. Хэргийн талаар талийгаач М-ийн том охин Э.Мөнхгэрэлтэй ярилцлаа.

-Ээж нь 2013 оны аравдугаар сарын 31-нд сураггүй алга болоод саяхан цогцосыг нь оллоо. Хэрэг гардаг өдөр ээж нь “Ойрхон гараад ирнэ” гэж хэлээд ор сураггүй алга болсон гэдэг. Тухайн үед юу болсон талаар ярьж өгөөч?

-Аав минь ээжийг алга болохоос хоёр жилийн өмнө цус харваад өөд болсон. Ээж, дүү, бид гурав хамт амьдардаг байлаа. Тухайн өдөр ээж гэрээсээ 14:00 цагийн үед төрсөн эгчээсээ “Мөнгө аваад ирье” гээд гарсан. Эгчтэйгээ ч уулзаагүй, утсаа унтраагаад алга болчихсон. Бид өдөржин залгаад, гайхаад байж байтал тухайн өдрийнхөө 23:00 цагийн үед танихгүй дугаараас залгаад “Ээж нь багын найзтайгаа таараад, гэрт нь ирчихсэн байна. Өнөөдөр очиж чадахгүй. Баянхошуунд хол, уулын аманд байна. Маргааш өглөө эрт яваад очно. Дүүтэй нь 07:00 цагт эмнэлэгт уулзья. Хоёр зээг миний өмнөөс үнсээрэй” гэж хамгийн сүүлчийн удаа ярьсан. Би тухайн үедээ “Өглөө хүрээд ирэхийн хооронд өөрөө ирээд л үнсэнэ биз дээ” гэж бодож байлаа. Өглөө дүү минь эмнэлэгт очиход ээж ирээгүй. Залгасан дугаар руу нь залгахад огт холбогдоогүй. Хаа сайгүй хайгаад ирэхгүй болохоор нь бид гурав хоногийн дараа аргаа бараад цагдаад мэдэгдсэн.

Өргөдөл өгөхдөө хамгийн сүүлд залгасан дугаараас өөр бидэнд баримжаалах арга алга гэдгээ хэлсэн. Өнөөх утасны дугаарын эзнийг буюу гэмт хэрэгтэн Г-г цагдаа нар дуудаж авчирсан. Тэр хүн ирээд “Би аравдугаар сарын 31-ний 20:00 цагийн үед утсаа алга болгосон. Ээж чинь миний утсыг олоод л та нартай ярьжээ. Хэрэв ээжийн чинь байгаа газрыг мэдэж байсан бол ийм нялх хоёр охинд хэлээд өгнө шүү дээ. Ах нь үнэхээр мэдэхгүй” гээд бидэнтэй цуг ээжийг минь хэд хоног хайсан гээд боддоо. Хэдийгээр хамгийн сүүлд тэр хүний утаснаас ярьсан нь тодорхой байгаа ч дугаарыг нь шүүлгэхийн тулд гурав хонодог юм билээ. Тийм болохоор тэр хүнийг тухайн үед сэжигтнээр татаагүй. Тэгээд гурав хоногийн дараа гар утасны дугаарын шүүлт гарсны дараа байцаагч нь “Ээж чинь та хоёртой ярьсны дараа Г энэ дугаараараа төрсөн эгчтэйгээ ярьсан байна. Тэгэхээр хэргийн сэжүүр илэрлээ гэсэн үг. Би одоо Г рүү дугаарын шүүлтийн хариу гарсан гэхгүйгээр “Хэлтэст хүрээд ир” гээд дуудлаа. Ирэхээр нь баривчилна” гэж хэлсэн. Гэтэл нөгөөдөх нь тэр өдрөөс хойш утсаа салгаад ор сураггүй болчихсон. Тэгээд долоон жилийн дараа олдлоо. 

-Тухайн үед хэрэгтнийг олох боломж байсан юм биш үү?

-Ээжийг минь биднээс салгасан араатныг дүү бид хоёр алуурчин гэдгийг нь мэдэхгүй хэд хоног хоол өгч, цай уулгаж, гэртээ оруулсан гээд бод доо. Ээжийг тухайн үедээ олох боломж зөндөө байсан. Даанч хэрэгтэн зугтаад хаана орогносон нь олдохгүй байсан юм. Би долоон жил тэр Г гэж хүнийг олчихвол ээжийн минь хаана байгаа газар тодорхой болно гэж итгэсээр ирсэн. Нэг ч шөнө бүтэн нойртой хоноогүй. Хаана тарчилж, зовж байгаа бол гэж бодохоос гол харлаж, хэдэн мянган шөнө уйлж хоносон доо. Амьд үхсэн нь мэдэхгүй байх чинь амьдын там юм билээ. Сүүлдээ ээж минь амьд, хүний эрхшээлд байгаа бол яаж ийгээд бид хоёрт гүйгээд л ирнэ. Одоо тэгэхээр үхсэн байх гэж боддог болсон. Хүн цөхөрдөг юм билээ. Гэмт хэрэгтэн Увсынх болохоор тэндээ орогносон юм биш үү гэж хүртэл байцаагчид нь хэлж байсан. Гэхдээ хэрэг удааширсан ч гэсэн хамгийн сүүлд ажилласан байцаагчид үнэхээр их баярлаж байгаа. Ээж минь биш, цогцос нь олдсон ч гэсэн биднийг сэтгэлийн тамаас бага боловч салгалаа.

-Ээжийнх нь цогцос олдсон талаар цагдаагийн байгууллагаас хэзээ мэдэгдсэн бэ. Сэжигтэн өөрөө цогцос нуусан газраа мэдэгдсэн юм болов уу?

-Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд хэргийн сэжүүр олдсон талаар байцаагч нь залгаж хэлсэн. Тэр орой нь очоод уулзахад, “Маргааш 12:00 цагт хүрээд ир. Ямар ч байсан сэжүүр олдсон. Баттай болгочихоод хэлнэ” гэсэн юм. Тэгээд маргааш нь очиход өмсөж явсан хувцас, хэргийн газрын зураг зэргийг үзүүлсэн. Ээж тэр өдөр дүүгийн цамц бас өөрийнхөө хамгийн хайртай зузаан цамцыг өмсөөд явсан юм. Бүгд мөн байсан. Сэжигтэн хэргийн газраа өөрөө хэлсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа болохоор бидэнд хэлээгүй.

-Ээжийнхээ талаар ярьж болох уу. Өмнө нь та хоёрыг олон хоногоор ч юм уу орхиж явсан удаа байдаг уу?

-Миний ээж дүүгийн минь хүүхдийг хараад гэртээ л байдаг байсан. Ганц ч удаа олон цагаар биднийг орхиж явж үзээгүй. Аав, ээж хоёр минь ХӨСҮТ-д танилцаж байсан юм билээ. Ээж сувилагч, аав сантехникч. Одоо дүү минь ээжийнхээ ажил мэргэжлийг үргэлжлүүлэх гээд сурч байгаа. Бид жирийн л амьдралтай, элэг бүтэн гэр бүл байсан. Ааваасаа хагацаад удаагүй, ээжийгээ ор сураггүй алдчихсан. Ээж минь дэндүү гал цогтой, бүгдийг бүтээдэг сайхан хүн байлаа. Гэрийнхээ ч, ах, дүү нарынхаа ч гийгүүлэгч нь байсан юм. Тэр нэг гайтай өдөр тийм гайтай хүнтэй яагаад уулзсаныг бурхан л мэдэх байх даа. Одоо уйлах гээд ч нулимс гарахаа больсон. Хүний нялх үрсийг амьдын тамд унагачихаад яаж долоон жил бүтэн нойртой явсан юм бол тэр хүн. Ах, дүү нар нь тэр хүнийг хаана орогнож байгааг, цагдаад байцаагдаж байгаа гэдгийг хүртэл мэдэж байсан шүү дээ. Би тэднээс асуумаар байна. Та нар хүн мөн юм уу. Хүний нялх үрсийг зовж байгаа гэж ганц ч удаа бодоогүй гэж үү. Тэгсэн хэрнээ ахыгаа бараг танихгүй, мэдэхгүй ухааны юм ярьсан байна лээ. Хашаандаа худагтай гэдгийг л тэд мэдэхгүй байв гэж дээ. Ээжийн минь сүнсийг ч тайван амраагаагүйнх нь төлөө би тэдэнтэй өөрөөр ярина гэж бодож байгаа.

-Та хэд хэргийн газарт өмнө нь очиж байсан уу?

-Долоон жилийн өмнө очиж байсан. Г-г зугтаж алга болохоос өмнө нь бид ах, дүүгээрээ цагдаатай цуг тэр залуутай очиж уулзаж байсан. Тухайн үед би 19, дүү 17 настай жаахан охид байсан болохоор сүртэй зүйл олж хараагүй, анзаараагүй. Арваннэгдүгээр сар дөнгөж гарч байсан болохоор өвс шаргалтаад хагдарч байсан үе. Тухайн үед байшингийнх нь урд талд нэг хэсэг газар ялгараад элс, шороо болчихсон байсныг санаж байна. Тухайн үед яагаад ийм юм байгаа юм бол доо гэж бодоод л өнгөрч байлаа. Тэр үед л жаахан гярхай зан гаргасан бол  долоон жилийн өмнө би ээжийгээ олох байсан. Тэгсэн бол миний ээж тэр олон жил харанхуй нүхэнд хүлээтэй, хүн ёсоор нойрсож чадахгүй, биднийг олоод ирээсэй гэж хүлээж, тарчлахгүй байсан. 

-Хүлээтэй гэхээр хоолойг нь боомилсон уяагаа аваагүй байсан гэсэн үг үү?

-Тэр хүн, хүн ч гэж дээ араатан миний ээжийн хэвлий, хүзүү, үснээс хүртэл олсоо ороосон байсан. Би хэргийн газрын зургийг үзсэн. Үнэхээр аймшигтай, тийм аймар олсоор миний ээжийг хэдэн цаг хүлээтэй байлгаж байгаад амийг нь хөнөөсөн бол. Тэгээд эцэст нь худаг руу шидээд, дээрээс нь шороо хийчихсэн байгаа юм. Долоон жил ээжийнхээ үхсэн амьдыг мэдэх гэж шар махтайгаа хатлаа. Эцэст нь цогцсыг нь оллоо. Бид маш их гомдолтой байгаа.

Оюуны эрхийн зөвшөөрөлтэй нийтлэв. 

Эх сурвалж: Ergelt.mn




Өнөөдөр үхэр өдөр

34 минутын өмнө