Л.Билэгтсайхан: Олон хүний тус, дэмжлэгээр гэртээ сайн яваад ирлээ

Л.Билэгтсайхан: Олон хүний тус, дэмжлэгээр гэртээ сайн яваад ирлээ

Эрдэнэт хотын иргэн Л.Билэгтсайхан нь энэ сарын 11-ны өглөө /2020.11.11/ Улаанбаатар хотод эхнэрийнхээ хамтаар ирээд хөл, хорионд орж 10 хоногийн хугацаанд гацсан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэрбээр Улсын онцгой комиссын зөвшөөрлийн дагуу энэ сарын 21-ны өглөө буюу уржигдар Эрдэнэт дэх гэртээ хүрсэн ч хотод байх хугацаандаа машиндаа хоноглож, зутруухан байсан юм.

Түүний хувьд ходоодны хорт хавдраар өвчлөөд нэг жил болсон бөгөөд энэ удаа ээлжит хяналтын үзлэгтээ хамрагдаж, томограф хийлгэхээр Улаанбаатарт ирж Хавдар судлалын үндэсний төвтэй ойрхон байрлах зочид буудалд хоёр хоноод эргэн харих төлөвлөгөөтэй байсан ч хөл, хорионд орж гацаад байсан юм. Бид Л.Билэгтсайхантай холбогдож амар мэндийг нь мэдлээ.

-“ЭРДЭНЭТИЙН АВТО КЛУБ”-ИЙН ЗАЛУУС ГЭРИЙН ГАДАА
ХҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙСАН-

-Та сайн явж хүрэв үү?

-Сайн явж ирлээ. Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр өглөө утсаар залгаад /уржигдар/ явахыг зөвшөөрсөн. Тэгээд баярлаад шууд гарсан. Урд шөнө гэртээ ирлээ. Ядарч, бие жаахан өвдөөд хэвтэж байна. Даарснаас болсон уу  ямартай ч их ядарч, яс янгинаж байна. Бусдаар гайгүй дээ.  

-Та гэртээ очоод өөрийгөө сайн дураараа тусгаарлав уу. Аймгийн онцгой комиссоос ямар нэгэн шаардлага тавьж байна уу?

-Тусгаарлах шаардлагыг албан ёсоор тавиагүй. Гэхдээ би өөрийгөө тусгаарласан. Гэрээс орж, гарахгүй гаднаас хүмүүс хүлээж авахгүй байхаар шийдчихээд л байж байна. Охиноо айлд түр байлгаж байсан. Тэр айлд нь дахиж хэд хонуулахаар болсон.

-Та өөрийнхөө нөхцөл байдлыг хэвлэлд ярьсны дараа нэлээн олон хүн туслах хүсэлтэйгээ илэрхийлж байх шиг байсан. Хүмүүс хэр их тантай холбогдсон бэ?

-“Манайд ир” гэж олон хүн холбогдсон. Айлын гэрт нэг хоносон. Тэгэхэд хөөрхий минь хоёр залуу түлээ, мод ачаад ирсэн. Тэрийг нь түлж дулаахан хоночхоод байж байтал өглөө нь онцгойгоос залгаад “Та явж болно” гэхээр нь баярлаад гарсан. Олон хүний тус, дэмээр сайхан яваад ирлээ. Маш их баярлаж байна. Хотод ганц, хоёр найз нөхдийнх минь бий. Гэхдээ энэ эрсдэлтэй үед айлд очихыг хүсээгүй. Дулаахан байхын тулд амиа бодоод айлд эрсдэл дагуулж очиж болохгүй шүү дээ. Мөн зурагтаар чинь өнөө, маргаашгүй хөл, хорио тавигдах юм шиг яриад байхаар нь ганц, хоёр хоноод байсан юм. Тусалсан, холбоо барьсан бүх хүнд баярлалаа. Эрдэнэтээс сонгогдсон Л.Батлут гишүүн мөн тусалсан. Энд ирсэн чинь гэрийн үүдэнд “Эрдэнэтийн авто клуб” –ын залуус хүлээгээд зогсож байсан. Тэд маань их сайхан хүлээж авлаа.

-“Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд мөн буудалдаа ирж байрлахыг урьсан байсан. Энэ талаар та мэдсэн үү?

-Би гэртээ ирэх замдаа тэр урилгыг харсан. Замд явж байхад залгаад “Урьж байна” гэж хэлсэн. Мундаг, сайхан сэтгэл гаргасанд маш их баярлалаа. Эрдэнэт рүү гарсан байсан болохоор холбогдож уулзаж чадсангүй.

-ӨДӨРТ НЬ ХОЁР ЦАГ ТУТАМ, ШӨНӨ НЬ 30 МИНУТ ТУТАМД МАШИНАА АСААЖ ХАЛААЖ БАЙСАН-

-Ес хоног бол цөөн биш олон хоног. Энэ хугацаанд үнэхээр таньд хүнд байсан байх?

-Өдрийн цагаар хоёр цаг тутам  машинаа асааж халаадаг. Харин шөнө нь 30 минут тутамд асаахгүй бол даараад байдаг юм билээ. Буудалд орох гэхээр хөл, хорио тогтоогоод ажиллахгүй болчихсон. Миний хувьд өвдөхөөсөө өмнө урагшаа, хойшоо наймаанд явж янз бүрийн байдалд амьдраад сурчихсан учраас гайгүй. Харин эхнэр маань л нэлээн их цутарсан.

-Хотын яг хаана байсан бэ. Төвөөс нэлээн зайдуу, уулархаг газарт байх шиг харагдсан?

-Шар хадны эцсээс дээш яваад уулын дэргэд байсан.

-Хэрвээ олон нийт таны тухай мэдээгүй байсан бол 12 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл хүндхэн л байх байсан байна шүү дээ?

-12 дугаар сарын 1-ныг хүртэл яагаад ч машинд байх боломжгүй байсан л даа. Сүүлийн хэдэн өдөр цас орж, хүйтэрсэн. Машин ч сайн халж өгөхгүй, зутрах, даарах шинжтэй байсан. Ядаж хотод олон хонох төлөвлөгөөгүй байсан болохоор бүр хямралд орсон. Хүмүүсийг хандахаас өмнө Шар хаданд байдаг нэг ах бас ирж тусалж байсан.

-Томографийн шинжилгээ хийлгэхээр хотод ирсэн гэсэн. Та эмнэлэгт үзүүлж, шинжилгээгээ хийлгэж чадсан уу?

-Хорионоос өмнө томографт орсон байсан. Түүнийгээ уншуулах, шаардлагатай бол дахин орох, шинжилгээ өгөх гэж очсон. Сая очоод ямар ч ажил амжуулж чадсангүй. Хоригдож байгаад л хүрээд ирсэн. “Түргэн яваарай” гэхээр нь явах гээд хөдөлтөл хөл, хорионд орчихсон. Миний хувьд  Эрдэнэтийнхээ эмнэлэгт мөн хяналтад байдаг. Ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр шат гэж оношлогдоод хагалгаанд орж бүрэн авахуулсан байгаа. Эмч нарын зүгээс “100 хувь баталгаатай биш. Хагалаад үзье” гэж хэлээд хагалгаанд оруулсан, бүтэн авахуулсан. Гамаа сахиад байж байдаг. Гурван удаа химийн эмчилгээнд орсон. Сүүлдээ бие дийлэхгүй химийн эмчилгээг зогсоосон. Одоо байнга хяналтад байж үсэрхийлж буй эсэх зэргийг харуулдаг. Гурван жил үсэрхийлэхгүй байвал эдгэх магадлал 80 хувь гэсэн. Гам алдахгүй, даарч хөрөхгүй, хоол ундаа зөв хэрэглэвэл багахан найдвар байх шиг байна. Хойшдоо юу болохыг яаж мэдэхэв. Ямартай ч хичээж л байна.

-Сайхан сэтгэлт хүмүүс таны эмчилгээнд туслах саналтай байгаагаа ч  илэрхийлж байна. Тэр саналыг сонсоод танд ямар мэдрэмж төрөв?

-Холбогдсон хүмүүстээ маш их баярлалаа. Залгаж, чат бичсэн хүмүүсийг бүгдэд нь хариу өгч чадсангүй. Миний хувьд гэртээ харих гэж хэвлэлд хандсан. Түүнээс хандив, тусламж авах зорилго бол үгүй юм. Бие гайгүй байх үед модоор юм хийгээд амьдралаа залгуулаад байдаг. Түүнээс юу, юугүй хандив тусламж авах нь миний ёс зүйд нийцэхгүй юм.

-АХАД НЬ ӨНЧИН ЭХНЭРЭЭ ХАЯАД ҮХЭХ ЭРХ БАЙХГҮЙ-

-Та Эрдэнэтийн уугуул иргэн үү. Ер нь өмнө нь ямар ажил төрөл эрхэлж байв. Мужаанаараа дагнан ажиллаж байв уу?

-Би Дундговийнх. Эрдэнэтийн хүргэн юм. Энд амьдраад 7 жил болж байна. Эрдэнэт тайван, цэвэрхэн амьдрахад сайхан хот. Өмнө нь би олон газарт ажиллаж байсан. Цэрэг, цагдаад ч ажиллаж байсан. “Босоо хөх Монгол”-ын Эрдэнэт дэх салбарын тэргүүнээр ч ажиллаж байв. Тогооч ч хийж явлаа. Олон түмний хүчинд хагалгаанд ороод амжилттай болсон. Өвдсөнөөсөө хойш мужаанаар ажиллаж байна. Хагалгаанд ороод нэг сар болов уу, үгүй юу модоор юм хийж эхэлсэн. Хагалгаанд орсноосоо хойш “Босоо хөх Монгол”-ынхоо ажлыг хүлээлгэж өгсөн. Яваад байх ч чадалгүй болчихдог юм байна. Гэрийн буг л болсон шүү дээ.

-Таны эхнэр мөн сонсголын бэрхшээлтэй гэж байсан. Таны биеийн байдал хүнд, эхнэр тань сонсголын бэрхшээлтэй. Танай гэр бүлд төрийн зүгээс нийгмийн халамж, дэмжлэгийг хэр үзүүлдэг вэ?

-Эхнэр маань 90 хувь сонсголын бэрхшээлтэй. Сүүлийн үед сонсгол нь хэл, ярианд нь нөлөөлж хэлж, ярихдаа муу болсон. Өнчин хүн. Тийм учраас өнчин эхнэрээ хаяад үхэх эрх алга даа. Манай гэрийн хүн хугацаагүй группийн мөнгө гэж 180 мянган төгрөг авдаг. Сүүлийн хэдэн сар 100 мянган төгрөгийн нэмэгдэл авч байна. Миний хувьд улсад хэдэн жил ажилласан болохоор нийгмийн даатгалаас групп тогтоолгоод 300 мянган төгрөг авдаг. Энэ мөнгөөрөө модоо авч юм хийдэг. Өөр ч төрөөс дэмжих юу байхав

-Хавдрын эмчилгээнд хөнгөлөлт, дэмжлэг байдаггүй нь бас хүндрэлтэй байх. Тийм үү?

-Байнга өвдөөд олсон хэдээ эм, тариандаа зарцуулдаг. Гэхдээ яахав ээ, болж байна. Болохгүй байна гэж зовлон тоочиж болохгүй шүү дээ. Уг нь хашаа, байшинтай байсан юм. Гэтэл энэ өвчнөөс болж хашаа, байшингаа зараад гэр авсан. Бас  айлын хашааны талыг худалдаж аваад гэрээ бариад амьдарч байна. Төрөөс эм, тариагаар ч бүрэн хангаж чаддаггүй. Тасарлаа гээд цаг, хугацаанд нь эм тариагаа хийлгэж чаддаггүй үе олон бий. Угтаа бол үнэгүй хийлгэх нэртэй ч тасарсан нэрээр өөрөө хувиараа худалдаж авдаг. Томографаар хэвлийн хөндийг харахад л 280 мянган төгрөг. Өөр хэсгийг харуулбал илүү үнэтэй байдаг. Яахав, төрөөс засч, залруулах байх. Ж.Чинбүрэн мэргэжлийн эмч. Одоо УИХ-д ажиллаж байна. Энэ талаар арга хэмжээ авах, бодож төлөвлөсөн зүйл бий байх. Хавдар бол энэ цар тахлаас илүү хор хөнөөлтэй байна. Манай улс чинь хорт хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтаар дэлхийд тэргүүлдэг орон шүү дээ.

-Таны зорьж буй ойрын төлөвлөгөө юу байна?

-Сонсголын бэрхшээлтэй эхнэрээ, хүүхдээ хүнээс гуйхааргүй болгоод үлдээчих юмсан гэж боддог юм. Би ч амьдрах баталгаагүй хүн шүү дээ. Тамир, тэнхээ хүрч өгөхгүй жаахан ажиллаад л ядраад хэвтчихдэг болохоор зорилгодоо нэх сайн хүрч чадахгүй л явна. Өмнө нь сайн үйлсийн хандив, тусламжийн ажил гэж олон жил явсан. Түүний буян, заяа түшдэг юм шиг байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө