“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 159 сая төгрөгөөр алтан чимэглэл бүхий нэг ширээ, хоёр шүүгээ худалдан авчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 159 сая төгрөгөөр алтан чимэглэл бүхий нэг ширээ, хоёр шүүгээ худалдан авчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэт өндөр зарлагыг тойрсон дуулиан дуусаагүй бололтой. Хэдхэн хоногийн өмнө тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд сансрын холбооны “Iridium” гар утсыг 5 сая гаруй төгрөгөөр мөн худалдан авсан баримтыг шилэн данснаас ил болгов.

Энэхүү утас нь тоос шороо, чичиргээ, доргилт, цохилт, ус борооны битүүмжилсэн давхар хамгаалалттай бөгөөд цэрэг, тусгай хүчний хэрэгцээнд зориулан АНУ-д хийгддэг. Гэтэл цэрэг, тусгайгийнхны ашиглах зориулалттай утсыг Х.Бадамсүрэн захирал хаана ашиглах билээ хэмээн шүүмжлэх хүмүүс олонтаа байв. Энэ дуулиан намжаагүй байтал тус үйлдвэртэй холбоотой дахин нэг өндөр зарлага ил боллоо.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Италийн тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч “Minotti Luigi & Benigno” брэндийн 17,280 еврогийн ширээ, мөн 15,040 еврогийн шкаф хоёр ширхэг буюу нийт 47,360 еврогийн тавилга худалдан авсан баримт ил болсон юм.

Одоогийн ханшаар бол /нэг евро 3371 төгрөг/  нийт 159 сая гаруй төгрөгөөр нэг ширээ, хоёр шүүгээ худалдан авсан гэсэн үг. “Minotti Luigi & Benigno” брэндийн тавилгууд өндөр үнэтэй, чанартай гэдгээрээ алдартай. Тус брэндийн веб сайтаас тавилгуудын үнийг судалж үзэхэд ихэнх, шүүгээ ширээний үнэ 5000-9000 еврогийн хооронд байв. 

Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн авсан тавилгууд чухам ямар ид шидтэй гэхээрээ тийм өндөр байгаа нь сонирхол татаж байгаа юм. Энэ бүхний учиг тус тавилгуудыг худалдан авах гэрээний баримтаас тайлагдаж байлаа.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авсан ширээ, шүүгээ нь алтан чимэглэл бүхий ажээ.

Тайлбар: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын худалдан авсан ширээтэй төстэй загвар бүхий дундаж ширээний үнэ

Тодруулбал, худалдан авах гэрээнд шүүгээний тайлбар хэсэгт итали хэлээр “Алтан чимэглэлтэй толь бүхий хоёр хаалгатай шкаф” хэмээн бичсэн байсан бол ширээний тайлбарт “Алтан чимэглэлтэй эрдэнийн чулуун ширээ” хэмээн бичсэн байсан юм. Ямартай ч төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд алтан чимэглэлтэй ширээ авахгүй л бол ажил нь урагшлахгүй байсан бололтой.  

Баримт

Баримт