Хүнс тээвэрлэж Архангай аймагт очсон иргэн болон хүүгээс нь коронавирус илэрлээ

2020-11-28 21:49

Хүнс тээвэрлэж Архангай аймагт очсон иргэн болон хүүгээс нь коронавирус илэрлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдсан талаар тус аймгийн Засаг Даргын Тамгын газраас мэдээллээ. Тодруулбал аав, хүү хоёрын “PCR” шинжилгээний хариу эерэг гарчээ.

Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна. Халдвар авсан иргэн хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод очсон. Ирэхдээ хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн байна. Хүнс тээвэрлэсэн автомашиныг шууд нэвтрүүлэх журам хөл хорионы үеэр үйлчилж байгаа юм.

 

2020-11-28 21:53

Халдвар илэрсэнтэй холбоотойгоор Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир сумуудад тэг зогсолт хийлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон нэг иргэн болон түүний хүүгээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд өнөөдрөөс эхлэн 12-р сарын 1 хүртэл хатуу хөл хорио буюу ТЭГ зогсолт хийлээ. Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох гурван иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоосон байна. Тэдгээр иргэний хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа. Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг тус аймгийн Засаг Даргын Тамгын газраас мэдээллээ.