Б.Пүрэв: МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Н.Дэмбэрэл дахин нэрээ дэвшүүлж, өрсөлдөх нь өөрийн эрхийн асуудал

Б.Пүрэв: МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Н.Дэмбэрэл дахин нэрээ дэвшүүлж, өрсөлдөх нь өөрийн эрхийн асуудал

МҮОНРТ-ийн шинээр бүрдсэн Үндэсний зөвлөл өчигдөр /2021.01.20/ анхны хуралдаанаа хийж Н.Дэмбэрэлийг ерөнхий захирлаас түдгэлзүүлэв. Учир нь түүнийг хуучин Үндэсний зөвлөлийн хаалттай, хуйвалдааны шинжтэй хуралдаанаас томилогдсон учир захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг МҮОНРТ-ийн  ажилтнууд шаарджээ. 

Үндэсний зөвлөл ажилчдын шаардлагыг хүлээн авч ийнхүү Н.Дэмбэрэлийг ерөнхий захирлаас чөлөөлж, дахин сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болсон байна. 

Бид энэ талаар ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэвээс тодруулахад "МҮОНРТ-ийн захирлыг сонгон шалгаруулахдаа олон нийтэд нээлттэй, ил тод өрсөлдүүлэхийг шаардаж 500 гаруй ажилчны гарын үсэгтэй албан бичгийг Үндэсний зөвлөлд өгсөн. Шинэ Үндэсний зөвлөлийн өчигдрийн хуралдаанд бид оролцсон. Ажилчдын шаардлагыг Үндэсний зөвлөл хүлээн авсан. Удахгүй захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулах байх. Тэр болтол Н.Дэмбэрэлийг ерөнхий захирлын албан тушаалаас түр түдгэлзүүлсэн. Дараагийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй, мэтгэлцээний шинжтэй, мөрийн хөтөлбөр нь тодорхой байдлаар явуулахыг бид шаардаж байгаа. Чухам энэ шаардлагаар захирлыг сонгон шалгаруулах нь уу хүлээж байна. 

Өнгөрсөн удаад захирлын сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүс дахин өрсөлдөх нь үү, өөр хүмүүс нэмэгдэх нь үү гэх мэт зохион байгуулалт хийгдэх байх. Өмнөх захирал Н.Дэмбэрэл дахин өрсөлдөх эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал. Бид бол нээлттэй, ил тод өрсөлдүүлэх л ёстой гэж байгаа юм. Тэр өрсөлдөөнөөс ялж гарч ирсэн хэнбугайг ч  хүлээн авахад бэлэн. Гагцхүү олон нийтэд нээлттэй л өрсөлдөөд шалгарч гарч ирэх ёстой. Бид зөв жишиг тогтоохоор л хичээж байна. Шаардлага маань ч үр дүнд хүрч байна" гэлээ.  Дараагийн захирал томилогдох хүртэл ерөнхий захирал Г.Гэрэл ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх аж.