Л.Оюун-Эрдэнэ: Би дөрвөн зүйлд анхаарч ажиллана

Л.Оюун-Эрдэнэ: Би дөрвөн зүйлд анхаарч ажиллана

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төрийг залуу насны ааг омгоор удирдахгүй. Туршлага, чин сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Дээр нь дутууг чинь нөхөх баг хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө пялдагуудаар хүрээлүүлэх юм бол улс төрийн насыг чинь богиносгоно. Олон нийт өнөөдөр Оюунтолгойн асуудал ард түмний эрх ашгаас урвасан хүмүүсийг хэрхэн шийтгүүлэхийг харж байгаа. С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Таны гол үндсэн төвлөрөх ажлаа нэрлээч гэж хэлмээр байна. Хүрэх түвшин, тоог хэлээч" гэв. 

Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ "Би дөрвөн зүйл дээр анхаарч ажиллана. Нэгд, цар тахлыг даван туулах. Төсвийн алдагдлаа нөхөх, экспортоо нэмэгдүүлэх. Хоёрт, эдийн засгаа эрчимжүүлэх, хүнд үеийг даван туулах, аж ахуйн нэгжүүдээ босгож ирэх томоохон зорилтуудыг дэвшүүлнэ. Гуравт, дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоотой холбоотой асуудлыг ярихаас өөр гарцгүй болсон. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу шилжинэ. Орон сууц, эрүүл мэндийн тэтгэмж авах, дундаж орлоготой иргэн болоход залуу гэр бүлээ дэмжих тогтолцоо руу орно. Орон сууцтай холбоотой томоохон зорилтыг дэвшүүлнэ. Дөрөвт, сайн засаглал, цахим засаглалтай холбоотой асуудлыг голчилж тавина" гэв. 

ҮЗЭХ