Иргэд ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгоно гэв

Иргэд ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгоно гэв

COVID-19 халдварын эсрэг вакцины эхний татан авалтыг энэ долоо хоногийн сүүлээр хийж, хоёрдугаар сарын 23-наас бүх нийтийн вакцинжуулалтыг үе шаттайгаар эхлүүлнэ хэмээн УОК-оос мэдээлсэн. Манай улс вакциныг бүртгэх журмаа түргэвчилсэн байдлаар боловсруулж, өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Ингэхдээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд буй үндсэн гол 3 вакцин болох “Pfizer”, "АстраЗенека”, “Moderna” үйлдвэрийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн билээ.

Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг эдгээр вакцинаас гадна ОХУ, БНХАУ-ын вакциныг авахаар яриа, хэлэлцээ хийж байгаа талаар хэллээ.

Тэрбээр, “ОХУ-ын “Спутник V” вакциныг авахаар хойд хөрштэй олон удаагийн яриа хэлэлцээр хийсэн. Өнөөдөр ОХУ-ын элчин сайдтай Ерөнхий сайд уулзсан. Шат дараатайгаар татан авна. Мөн урд хөршийн “Синопарм” компанийн вакциныг авахаар яриа хэлэлцээр хийж, бэлтгэл ажил хийгдэж байгаа. 

Энэ мэтчилэн дэлхийн нийтэд үр дүн нь батлагдсан вакцинуудыг оруулж ирж, иргэн танд ямар вакциныг хийлгэх вэ гэдэг сонголтыг үлдээх болно. Зарим улс бол нэг эсвэл хоёр төрлийн вакциныг л хийж буй. Монгол улсад насанд хүрсэн 2 сая хүн байдаг. Энэ нь нийт ард иргэний 60 хувь нь юм. Тэгэхээр хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Үлдсэн 40 хувь буюу хүүхдүүдийг вакцинжуулахгүй” гэв. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө