Амбий агсны хүү Б.Эзэнбат: Аав маань байсан бол хүүдээ их ч зүйлийг зааж өгөх байсан даа гэж боддог

Амбий агсны хүү Б.Эзэнбат: Аав маань байсан бол хүүдээ их ч зүйлийг зааж өгөх байсан даа гэж боддог

Монголын хошин урлагийн салбарын нэгэн цагийн түүхийг бичилцэж, кино урлагийн салбарт өөрийн дүрээ мөнхөлсөн Монголчуудын хамгийн хайртай уран бүтээлчдийн нэг бол Амбий буюу Цэвэгсүрэнгийн Батхуяг агсан. Урлагт өөрийн амьдралаа зориулсан энэ эрхмийн ууган хүү Б.Эзэнбат ч өдгөө аавынхаа үргэлжлэл болж, жүжигчин, кино найруулагчийн мэргэжлээр ажиллаж байна. Бид Б.Эзэнбаттай уулзахаар Монгол кино үйлдвэрийг зорьж, завгүй ажлынх нь хажуугаар хэсэгхэн хугацаанд түүнтэй “амттай” яриаг өрнүүлж чадсан юм.

ВИДЕО ҮЗЭХ:

-ТАЙЗАН ДЭЭР БАЙГАА ААВ, ГЭРТЭЭ БАЙГАА ААВ ИХ ӨӨР ЮМ ШИГ САНАГДДАГ-

-Хэдэн жилийн өмнө “МУСТА Амбийгийн том хүү аавынхаа мэргэжлийг өвлөн авч жүжигчин болжээ” гэсэн мэдээг сонсож байлаа. Харин одоо кино найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Яг ямар мэргэжлээр сургуулиа төгсөв?

-Би БНСУ-ын “Кёнги Дэ”/Kyonggi University/ их сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгссөн. Жүжигчний мэргэжил гэдэг хэн хүний эзэмшиж чадахаар амар зүйл биш. Кино найруулагч ч дутахааргүй хэцүү мэргэжил. Гэхдээ би энэ хоёр мэргэжилд хоёуланд нь сонирхолтой, бас дуртай.

-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Миний төгссөн их сургуульд жүжигчний мэргэжлийн хичээлүүд голлодог. Гэхдээ кино найруулагчийн жижиг хичээлүүд ч ордог байсан. 2019 онд сургуулиа төгсөөд Монголд ирэхэд надад “Бүтэн амьдрал” кинонд найруулагчийн туслахаар ажиллах боломж олдсон. Уг кино сургуулиа төгсөөд ажилласан хамгийн эхний уран бүтээл байсан. Энэ үеэс л кино найруулагчаар ажиллах их таалагдсан юм уу болов уу. Ер нь багаасаа кино их үздэг, кино урлагт их хайртай хүн болж төлөвшсөн. Жүжигчин, найруулагчийн мэргэжил хоорондоо их уялдаатай гэж боддог. Одоохондоо жүжигчний мэргэжлээр ажиллахгүй байгаа ч цаашдаа дүр бүтээх аз завшаан тохиох байх.

-Сонсоод байхад жүжигчин хүн өөрийнхөө хүүхдийг жүжигчин болоход тийм ч дуртай байдаггүй юм шиг. Яагаад гэвэл таны сая хэлсэнчлэн хэн хүний зэмшиж чадах амар мэргэжил биш шүү дээ. Таныг анх жүжигчин болно гэхэд аав тань яаж хүлээж авч байв?

-Манай аав, ээж хоёулаа жүжигчин мэргэжилтэй хүмүүс. Ээж маань ч СУИС-ийг төгссөн. Жүжигчний мэргэжил маш их хөдөлмөр, цаг хугацаа тууштай байдал, авьяас чадварыг тухайн хүнээс шаарддаг. Аав маань энэ бүхний биеэрээ мэдэрсэн учраас эхэндээ дэмжээгүй, намайг хуульч болгоно гэж ярьдаг байсан. Тэгээд аравдугаар ангид ороход надаас “Миний хүү хуулийн мэргэжилтэй болох уу” гэж асууж байсан. Би ч жүжигчин  л болно гэж тас зөрсөн. Тэгтэл аав “За тэгвэл аав нь дэмжинэ ээ” гэж хэлж байсан.

-Таныг аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан гэж сонслоо. Хүүхэд байхаасаа урлагт хөл тавьжээ?

-Хүүхэд байхдаа хоёр, гурван удаа аавтай хамт хошин шогийн жижиг номерт орж байсан. Яг тайзан дээр гараад “баллаад” байсан юм бол байхгүй ээ/инээв/.

-Жүжигчин хүн ихэнх цаг хугацааг уран бүтээл хийхэд зориулдаг шүү дээ. Ер нь аавтайгаа хамт хэр цагийг өнгөрүүлж чаддаг байв?

-Би Хятад хэлний сургуульд сурдаг байсан юм. Өглөө 07.00 цаг гээд хичээлдээ гарна. Харин аав шөнө бүр 02.00, 03.00 цаг гэж ажлаасаа ирнэ. Бид хоёрын цаг их зөрдөг, хоорондоо бараг таардаггүй байсан. Заримдаа гурван долоо хоногоор уулзахгүй байх үе ч бий. Тиймээс амралтын өдрүүдэд жүжиг дээр нь очиж уулздаг байсан. Гэхдээ жүжигчин гээд байнга ажиллаад байдаг гэсэн үг биш. Аавын ажиллаж байсан уран бүтээл дуусаж амралт эхлэхэд  нь цагийг байнга хамт өнгөрөөдөг байсан. Зарим хүн аавыг маань их ааш муутай, хатуу хүн байх гэж ярьдаг. Гэхдээ тайзан дээр байгаа аав, гэрт байгаа аав маань хоорондоо их өөр юм шиг санагддаг. Гэртээ байхдаа их хөгжилтэй байдаг.

  

-БИ ЭНЭ МЭРГЭЖИЛД ДУРТАЙ БИШ, БҮР ХАЙРТАЙ-

-Аав тань олон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн хүн. Таны хувьд тэдгээрээс хамгийн их сэтгэлд үлдсэн нь гэвэл ямар дүр вэ?

-Аавынхаа тоглосон бүх киног үзсэн. Бүгд л сэтгэлд үлдсэн. Хамгийн сэтгэлд үлдсэн нь гэвэл “Содура” юм уу даа. Бас “Танхай тээгч”. Хүмүүс ч гэсэн “Содура”-ийн аавын дүрд их дуртай байдаг

-Тэгвэл ааваас тань тэс ондоо юм шиг санагддаг ямар дүр байдаг вэ. Үзээд аав тань биш, өөр хүн юм шиг санагдсан гэх юм уу?

-“Уулын төмөр” гээд кино байдаг. Энэ кинонд “шилийн сайн эрийг” барих гэж хөөж байгаа зальжин цагдаагийн дүрд тоглодог. Ер нь зан араншин төдийгүй, амьдралаас нь их “хол” дүр байсан.

-Та өөрөө жүжигчин мэргэжлийг эзэмшсэн хүн. Аавынхаа тоглосон бүтээлийг үзээд жүжигчин хүний хувьд хэр туршлага хуримтлуулж, санаа оноо авдаг вэ?

-Би жүжигчний мэргэжлээр төгссөн ч одоо ч суралцсаар л байна. Надад мэдэхгүй, суралцаагүй зүйл их бий. Манай мэргэжилд математик шиг ямар нэгэн тогтсон томъёо байхгүй. Өөрөөр хэлбэл “ингэвэл чи сайн жүжигчин болно” гэсэн зүйл байхгүй. Мэдрэмж, чадвар хамгийн түрүүнд шаарддаг. Аав маань надад “сайн бод” гэж их хэлдэг байсан. Би ер нь их сүр сар гэсэн, тогтворгүй хүүхэд байсан юм шиг байгаа юм/инээв/. Харин аав “Миний хүү аливаа зүйлийг хийхээсээ өмнө сайн бодож бай. Хийсний дараа гарах үр дүнг ч бодож бай” гэж байнга хэлдэг байсан. Энэ үг санаанд их ордог. Бас ааваасаа сурсан хамгийн том зүйл байх.

-Аав тань хошин урлагийн “толгой” жүжигчдийн нэг байсан. Хүүхэд байхдаа Амбийгийн хүү гэдгээрээ хэр онгирдог байв даа. Хүүхдүүдэд гэнэн цагаан бардамнал байдаг шүү дээ?

-Бүр бага байхдаа их онгирдог байсан гэсэн. Дөрөв, таван настай байхдаа хүмүүст “Би Амбийгийн хүүхэд” гэж их хэлдэг байсан гэсэн. Гэхдээ би өөрөө санадаггүй юм. Аавын найзууд, ах нар тэгж их хэлдэг.

-Дүү нараас тань урлагт сонирхолтой, урлагийн мэргэжил эзэмших гэж байгаа хүн бий юү?

-Би гурван дүүтэй. Дүү нарыг маань Ууганбат, Эзэнбулаг, Эзэнтулга гэдэг. Хамгийн том дүү маань урлагт их сонирхолтой, гэхдээ одоо хуулийн чиглэлээр сурдаг. Охин дүү маань одоо арван жилээ төгсөж байгаа. Урлагийн хүн болно гэж багаасаа ярьдаг байсан ч одоо арай өөр сонирхолтой болсон. Хамгийн бага дүү маань жүжигчин болно гэж их ярьдаг. Зан араншин, царай төрхөөрөө аавтай их төстэй. Энэ Одоо 13 настай.

-Таны бодлоор жүжигчний мэргэжлийн хамгийн том даваа, хамгийн амаргүй санагддаг тал нь юу вэ?

-Кинонд жүжигчний хэлэх хоёрхон өгүүлбэрийг бичих сцена/хэсэг/ дээр маш олон хүн ажилладаг. Зургийн баг, зураглаачид, тайзныхан,  хувцасныхан гэх мэт 20, 30 хүн ажилладаг. Энэ утгаараа маш их хөдөлмөр шаарддаг ажил. Нөгөө талаар энэ салбарт амжилт олохгүй байх нь хэцүү юм шиг санагддаг. Тав, зургаан жил, долоо найман жил энэ мэргэжлээр ажилласан ч амжилт олохгүй байсаар шантарсан хүмүүс олон байдаг. Сургуулиа төгсөөгүй байхдаа ч шантарсан хүмүүс бий. Урлагийн салбарт амжилт гаргах хамгийн хэцүү байх. Спорт ч гэсэн адилхан шүү дээ.  

-Тэгвэл эсрэгээ кино урлагаас авдаг хамгийн сайхан мэдрэмж, хамгийн сайхан зүйл нь юу вэ?  

-Би хүүхэд байхаасаа л кино их үздэг байсан. Аав, ээж маань ч “үгүй” гэж байхад мөрөөдлөө дагана гэж зүтгэсээр энэ замыг сонгосон. Уран бүтээл хийхэд кино групп зургаан сарын турш хамтдаа инээж, уйлж янз бүрийн л зүйлийг туулдаг. Энэ бүхний цаана гараад, өөрийн оролцсон киногоо үзэх хамгийн сайхан нь юм уу даа. Нөгөө талаар би энэ мэргэжилд дуртай биш, бүр хайртай. Ер нь оффисд удаан суудаг ажил хийж чадахгүй байх. Зураг авалтын талбайд хэдэн арван цаг ажилласан ч залуустайгаа инээлдэж, хөгжилдөн дуртай зүйлээ хийж байгаа болохоор ядарснаа огт мэддэггүй. Гэртээ хариад л анзаардаг.

-ЗУРАГЛААЧ, НАЙРУУЛАГЧ, ЖҮЖИГЧИД БҮГД ХАМТ УРАГШИЛЖ БАЙЖ МОНГОЛЫН КИНО УРЛАГ ХӨГЖИНӨ ГЭЖ БОДДОГ-

-Жүжигчин хүн бүрт ийм дүрд тоглож үзэх юмсан гэсэн мөрөөдөл байдаг байх. Таны хувьд ямар кинонд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Би ер нь хүнд сэдэвтэй, мафитай кинонд их дуртай. “Загалмайлсан эцэг”, Солонгосын “New World” гэх мэт. Хэрвээ боломж олдвол муу дүрд тоглож үзэхийг хүсдэг. Эрт үеэс аливаа кинонд дандаа сайн талын баатрыг гол дүр болгож, сайн талын баатрын амьдралаар кино зохиол бүтэж ирсэн. Одоо эсрэгээрээ муу талын баатрын амьдралаар кино хийдэг болсон. Муу дүр ч хүмүүсийн сонирхлыг илүү татдаг болсон гэж хэлж болох юм. Тухайлбал, “Жокер”/Joker/, “Веном”/Venom/ гэх мэт кинонуудыг нэрлэж болно.

-Залуу уран бүтээлчийн хувьд дүгнэвэл Монголын кино урлаг хэр хөгжиж байгаа юм шиг санагдаж байна?

-Би кино урлагийн салбарт ажиллаж эхлээд хоёр, гуравхан жил болж байгаа учраас Монгол Улсын кино урлаг ийм гэж дүгнэж чадахгүй. Гэхдээ сүүлийн үеийн кинонуудыг харахад зураг авалт, найруулга улам чанаржиж байгаа юм шиг санагддаг. Зарим хүн Монголд кино урлаг хөгжихгүй байна гэж ярьдаг. Гэнэт л үсрэнгүй хөгжчих зүйл гэж байхгүй шүү дээ.  Цаг хугацаа хэрэгтэй. Жүжигчин, найруулагч, зураглаач бүгд хамт урагшилж байж, кино урлаг хөгжинө гэж боддог.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцаач. Ойрд их завгүй байгаа бололтой?

-Одоо манайхан “Гэнэтийн зочид” гэдэг 24 ангит инээдмийн кино дээр ажиллаж байгаа. Ерөнхий найруулагч С.Баттулга ах маань. Гол дүрд нь Заанаа ах, Аюуш эгч, Нандиа, Гантулга, дуучин Зоригт, Төрбат нар тоглож байна. Би кино зохиол их уншиж байгаагүй ч олон кино үзсэн. Энэ кино маань их сайн зохиолтой. Сайрхаад хэлэхэд “алахаар” кино болж байгаа/инээв/.

-Ярилцлагаа өндөрлөх тийш нь хандуулъя. Таны аав бол Монголчуудын хамгийн хайртай, сэтгэл зүрхэнд нь хоногшсон уран бүтээлчдийн нэг. Тэгэхээр ярилцлагаа аавын тань талаар дурсаж өндөрлөе гэж бодлоо.

-Аав маань маш мэдрэмж өндөртэй, ухаантай хүн. Хошин мэдрэмжтэй хүмүүс их өндөр IQ-тэй байдаг гэж ярьдаг. Хүнийг инээлгэнэ гэдэг маш том философи, ухаан шүү дээ. Аав маань яг одоо дэргэд байсан бол хүүдээ их зүйлийг зааж өгөх байсан даа гэж их боддог. Найруулагч, жүжигчин аль алинд нь надад сурах зүйл их бий. Одоо сураад л явж байна. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн насан туршдаа суралцдаг. Аав нэг удаа “Энэ мэргэжилд дуртай байгаад, хүсэл байлаа гээд чи хийж чадахгүй. Тиймээс энэ мэргэжлийг чин сэтгэлээсээ хайрла. Битгий шантар” гэж хэлдэг байсан. Миний эргэн тойронд энэ мэргэжлээр төгссөн ч шантраад орхисон олон залуус байдаг. Тиймээс битгий шантраарай, тууштай байгаарай гэж хэлмээр байна. Залуудаа биш, нас яваад хүмүүст танигдаж, кинонд дүр бүтээсэн уран бүтээлчид ч цөөнгүй байдаг шүү дээ. Бидэнд цаг хугацаа байна. Битгий шантраарай гэж хэлмээр байна. Аав маань үүнийг байнга хэлж, захидаг байсан.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.