НОБГ: Аравдугаар сарын 30-ныг хүртэл нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

НОБГ: Аравдугаар сарын 30-ныг хүртэл нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр /2019.08.13/ нийслэлийн нутаг дэвсгэр дээр болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж:

“Нийтдээ 2293 удаагын гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар ажилласан. Энэ хугацаанд 900 гаруй иргэний амь насыг аварч, 27 тэрбум орчим төгрөг бүхий иргэдийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Үер уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын захирамжаар Туул гол дагуу завьт эргүүлийг зохион байгуулсан. Өнөөдрөөс Улаанбаатар хотын  хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууж байна. Энэхүү ажил нь наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ” хэмээв.

НМХГ-н байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг:

“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, байгалийн баялаг, ан амьтан барих үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн иргэн, ААН-үүдийг шалгасан. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсний дотор Булган, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Завхан аймгуудаас нийт 23 ширхэг тарвагны нойтон тулам тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчилд 600 мянган төгрөгийн торгууль, нэг сая 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэг иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна".

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа:

“Зоонозын өвчин судлалын өвчин судлалын төв нь 30-40 орчим төрлийн халдварт өвчнийг мал амьтнаас хүнд халдаахгүй байх ажлыг хариуцдаг. Он гарсаар 930 зоонозын халдварын дуудлагад үйлчилсэн байна. Үүнээс тарваган тахал өвчний хувьд 14 хувиар сэжигтэй тохиолдол нэмэгдсэн байна. Тэр дундаа нэг голомтод хоёр тохиолдол гарсан нь анхаарал татаж байгаа. Мөн Улаанбаатар хотоос хоёр сэжигтэй дуудлага бүртгэгдсэн. Тэр хоёр хоёулаа тарвагны боодог идсэн гэсэн.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал:

“Тээврийн цагдаагийн албанаас 183 алба хаагчийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулж, ажил үүргээ гүйцэтгэхэд бэлдсэн. Нийслэлд найман байнгын пост бэлдсэн. Мөн хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг батлаад явж байна. Дээрх зөрчил нь тээврийн хэрэгслээр зөөгдөн нийслэлд орж ирдэг учир хяналт шалгалтыг нэлээд сайжруулж байна.