Монголчууд Хонгконгийн нисэх буудлаар нэг хэрүүл хийж, дуулиан тарьжээ

Монголчууд Хонгконгийн нисэх буудлаар нэг хэрүүл хийж, дуулиан тарьжээ

Хонгконгод 10 дахь долоо хоногтоо эсэргүүцлийн жагсаал өрнөж, одоо ч үргэлжилж байгаа юм. Хонгконгийн оршин суугчид Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг БНХАУ руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагссан. Олон нийтийн шахалт дарамтаар Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байсныхаа төлөө уучлалт гуйж, төслийг хэлэлцэхгүй гэж амласан ч ард түмний дургүйцэл намжихгүй жагсаал үргэлжилсээр байгаа юм. 

Олон долоо хоног үргэлжилж буй жагсаал нь сүүлийн арван жилийн хугацаанд тохиогоогүй хамгийн ноцтой хямралд хүргэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж буй.  Жагсаалын улмаас олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа доголдож олон улсын нислэгүүд цуцлагдаад байв.

Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Хонг Конгийн нисэх онгоцны буудалд жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд томоохон мөргөлдөөн болж.  Улмаар эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд Хятадууд Хонг Конгийн хилийн ойролцоо цэргээ байршуулсаар байна. Хоёр улсын хооронд ийм ноцтой хурцадмал байдал үүсч олон улсын бүх чиглэлийн нислэг цуцлагдсан.

Гэтэл яг энэ цаг мөчид Монгол руугаа нисэх ёстой монголчууд олон улсын нисэх буудлаар нэг хэл ам хийж, МИАТ-ийн төлөөлөгчийг “барьж идэх” нь холгүй аашилцгаажээ. Олон улсын нисэх буудалд хуурай агсам тавьж буй монголчуудын яриагаар бол бүх нислэг цуцлагдсан ч Монгол руу тэд л нисэх эрхтэй байсан юм байх. МИАТ-ынхан тэднийг хүргэж өгөхгүй байгаа мэт бүдүүлэг авир гаргаж, элдвээр харааж зүхсэн байгаа юм.

“Төлөвлөсөн ажил нураалаа” гэж Хонконгийн нисэх буудлын ажилтан, МИАТ компанийн төлөөлөгч хоёрыг “чихдэх”-ээс наахнуур болж, гадаадынхныг гайхашруулжээ. Одоо Хонконг даяар Монгол хүн ямар тэвчээргүй, бүдүүлэг зан авиртай талаар шуугиж буй байх. Бусад улсын нислэгийн төлөөлөгчид манай МИАТ-ынхан шиг  зодуулах дээрээ тулаагүй нь лав. Хэрэв монголчуудыг МИАТ-ийн бус гадаадын авиа компанийн нислэгээр зорчиж явахад нислэг цуцлагдсан бол яах байсан бол.

Зөвхөн энэ явдал ч биш одоогоос найман сарын өмнө БНСУ-ын Инчеон хотоос Улаанбаатар хот руу нислэг үйлдэж байсан МИАТ компанийн ОМ-302 агаарын хөлөг техникийн буулт хийхээс аргагүй болж, амжилттай газардсаны дараа уг нислэгээр зорчиж явсан хэсэг Монгол иргэд муухай аашилсан тухай бичлэг цацагдаж, нэг хэсэгтээ л дуулиан тарьсан билээ.

Ер нь бол монголчууд аливаа зүйлийг эхлээд шүүмжлэхээсээ өмнө бодож, тунгааж байж, үг, үйлдлээ цэнэж явахгүй бол муухай монгол зан Монголыг дэлхийд улам л муухайгаар сурталчилж байна.