Н.Түвшинбаяр тамгаа авч зугатаад Булган аймагт очжээ

Н.Түвшинбаяр тамгаа авч зугатаад Булган аймагт очжээ

Н.Түвшинбаярыг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тамгыг авч зугтсан гэж тус хорооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар өчигдөр /2021.06.02/ мэдэгдсэн.

-Н.ТҮВШИНБАЯР: МҮОХ-НЫ ЦАХИМ ХУУДАС, САЙТЫН НУУЦ КОДЫГ СОЛИОД ОУОХ-РУУ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙМЭЭР БАЙНА ГЭСЭН МЭЙЛ ИЛГЭЭСЭН БАЙСАН-

Тэрбээр “Н.Түвшинбаяр Э.Энхбатыг зодсон хэрэг гарсны маргааш биднийг мэдээгүй байхад гадаадын хэд, хэдэн хэвлэлд энэ талаар мэдээлж, ОУОХ мэдчихсэн байсан. “Танай Ерөнхийлөгч ямар хэрэгт орооцолдчихов. Бодит мэдээлэл яаралтай явуул” гэж манайд хандсан. Түүнээс хойш Н.Түвшинбаярт ёс зүйн хариуцлага тооц, түүнийгээ танилцуул” гэж биднээс удаа дараа шаардсан. Бид эхэндээ “Хуулийн байгууллага шалгаж байгаа” гэдэг хариу өгч байлаа. Н.Түвшинбаяр цагдан хорихоос гарч ирснийхээ дараа МҮОХ-ны цахим хуудас, сайтын нууц кодыг өөрчлөөд, ОУОХ руу ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн захидал илгээсэн байна лээ. ОУОХ гайхаад “Танай хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч ийм албан бичиг илгээлээ. Ямар нэгэн хариуцлага тооцохгүй бол ОУОХ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ” гэсэн.

Тиймээс бид хуралдан, Н.Түвшинбаярыг МҮОХ-ны албан тушаалаас түтгэлзүүлсэн. Яг тийм шийдвэр гаргаж байх зуур тэрбээр тамгаа аваад зугтчихлаа. МҮОХ-ны бүхий л шийдвэр тамга дарж байж хүчинтэй. Н.Түвшинбаярыг албан тушаалаас нь түтгэлзүүлсэн шийдвэрээ ОУОХ-нд танилцуулах гэтэл МҮОХ тамгагүй болчихлоо.

Одоо олимп хаяанд ирлээ. Тамирчдаа вакцинжуулах, олимпод оролцох тамирчидтай, олимптой холбоотой шийдвэр, асуудал их гарч байна. Тэр бүхнийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх гэхээр тамганы асуудал хүндрэх нь. Тиймээс Н.Түвшинбаяр ухамсраараа тамгаа буцааж өгнө гэж найдаж байна.

Тамгаа буцааж өгөх шаардлагыг Н.Түвшинбаярт хүргүүлсэн. Хэрвээ буцааж өгөхгүй бол хүчингүй болгуулж, шинээр тамга хийлгэн, МҮОХ-ны үйл ажиллагааг богино хугацаанд хэвийн байдалд оруулах чухал болоод байна. Н.Түвшинбаярын энэ үйлдлээс болж Монголын тамирчид Токиогийн олимпод цагаан туган доор оролцож мэдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Үүнээс сэргийлэхийн тулд бидний авсан эхний арга хэмжээ нь Н.Түвшинбаярыг албан тушаалаас нь түтгэлзүүлсэн явдал. Одоо тугны асуудал яаж шийдэгдэх нь үү. Үүнээс их зүйл шалтгаална. Ганцхан хүний үйлдлээс Монголын спорт, энэ олон, тамирчин, дасгалжуулагчдын хөдөлмөр, зүтгэл салхинд хийсэх вий гэж болгоомжилж байна” гэж мэдэгдсэн.

-Н.ТҮВШИНБАЯР БУЛГАНД АМАРЧ БАЙГАА АЖ-

Тэгвэл Олимпийн хорооныхон одоо ч Н.Түвшинбаярын утасны дугаар руу залгаж холбогдохоор ажиллаж буй бөгөөд хариу өгөхгүй байгаа аж. Сураг сонсоход тэрбээр тамгаа аваад  Булган аймагт очсон гэх мэдээлэл байна.

Хэрвээ Н.Түвшинбаярыг холбогдож тамга авчирч өгөхгүй бол МҮОХ-ны Удирдах зөвлөл дахин хуралдаж шинэ тамгатай болох асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байгаа аж.

Н.Түвшинбаярыг батлан даалтад гаргасны дараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх Удирдах зөвлөлийн хурал зарлагдсан байдаг. Ингээд хуралдаж Н.Түвшинбаярыг оролцох шаардлагатай гэхэд оролцоогүй бөгөөд ийнхүү тамгаа авч зугтжээ. Түүний энэхүү үйлдлийг улс төртэй холбон ярих хүмүүс ч МҮОХ-нд байна. Тодруулбал, Н.Түвшинбаярыг Х.Баттулгын хатгаасаар тамга авч зугатсан гэх яриа байна. Ерөөс МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгох өрсөлдөөний үеэр Х.Баттулга одоогийн дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшигийг “Нэрээ тат” хэмээж Н.Түвшинбаярыг өрсөлдөгчгүй сонгуулсан. Гэтэл Н.Түвшинбаяр нь удалгүй архидан согтуурсан үедээ багын найз, улсын начин Д.Энхбатыг зодон хүнд гэмтээн үхэл, амьдралын заагт хүргээд буй.