ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучлах зарыг сайтар нягталж, залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг ГХЯ-аас анхааруулжээ

ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучлах зарыг сайтар нягталж, залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг ГХЯ-аас анхааруулжээ

Гадаад харилцаанаас яамнаас ОХУ-д зорчиж буй монгол иргэдэд зориулан анхааруулга гаргажээ. 

Тодруулбал, Монгол Улс, ОХУ-ын иргэд 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Гэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоногоос илүүгүй хугацаагаар ОХУ-д зорчих боломжтойг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж авах шаардлагатай аж.

Мөн ОХУ-д зорчих иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байх ёстой. Тус улсын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт буюу “Миграционная карта”-ыг заавал бөглөх бөгөөд хувийн мэдээлэл, аяллын зорилгоо үнэн зөв тэмдэглэж, хилээр буцаж гарах хүртлээ уг картыг хадгалахыг анхааруулжээ. Тухайлбал, ОХУ-д суралцахаар зорчиж буй оюутнууд шилжилт хөдөлгөөний хяналтын карт дээрээ “Учёба” буюу суралцах гэсэн тэмдэглэгээг заавал хийлгэх шаардлагатай. Уг тэмдэглэгээг хийлгээгүй тохиолдолд Монгол Улсад буцаж ирэн, шинээр виз мэдүүлэх нөхцөл үүсэж болзошгүйг анхааруулсан байна. Түүнчлэн ОХУ-д зорчсон иргэд долоо хоногийн дотор түр оршин суугаа газартаа бүртгүүлэх ёстой бөгөөд зочид буудалд байрлаж байгаа бол тухайн байгууллагаар, бусад тохиолдолд уригч иргэн, байгууллагаар бүртгэлээ хийлгэх шаардлагатай аж.

ОХУ-ын хилээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, сум, хонгио, тагнах, чагнах төхөөрөмж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон түүх, соёлын үнэт зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэхийг хориглодог байна. Иймд иргэд хилээр гарахын өмнө ачаа тээшээ сайтар шалгаж, бусдын эд зүйлсийг өөрийн нэр дээр авч явахгүй байхыг зөвлөжээ. Мөн 10,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний рублийг хилээр оруулах, гаргах, түүнчлэн согтууруулах ундаа, тамхи болон бусад хязгаарлалттай барааг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн авч явах тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөж, “улаан коридор”-оор нэвтрэх шаардлагатайг сануулсан байна. Үүнээс гадна гарал үүсэл нь тодорхойгүй ан амьтны гаралтай мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эд, ургамал, үр, суулгац, хөрс, шороог ОХУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог аж.

Түүнлэн ГХЯ-аас иргэдийг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн өндөр цалинтай ажилд зуучлах зар мэдээллийг сайтар нягталж, цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. Түүнчлэн ОХУ-ын тусгай хамгаалалттай газар нутаг, ялангуяа цэрэг, техникийн зориулалттай объектын ойролцоо зорчихдоо зогсолт хийхгүй байх, тухайн бүс нутгийн зураг, дүрс бичлэгийг авч, цахим орчинд нийтлэхгүй байхыг онцгойлон сануулсан байна.