Ялтан Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг гэнэт орхин Сөүл хотыг зорьжээ

Ялтан Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг гэнэт орхин Сөүл хотыг зорьжээ

С.Зориг агсны хэрэгт яллагдсан гурван ялтанг мөрдөн шалгах үедээ эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн сум дундын шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж улмаар шийдвэрээ танилцуулсан.

Ингэхдээ шүүгдэгч ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕПГ-ын дэд дарга асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр,  АТГ-ын мөрдөгч С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын харъяа Зуун мод хотын хорих ангийн хянагч О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт холбогдох бусдыг эрүүдэн шүүсэн, байцаан шийтгэх тухай хууль буруу ашигласан гэх хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар мөрдөн байцаалтанд буцаасан билээ.

Мөн энэхүү хэрэгт зарим нэг шүүгдэгч нарыг хасаж, дахин өөр хүмүүсийг хэрэгт татан шалгах нь зүйтэй гэсэн санал гарсан байна.

Түүнчлэн анхнаасаа эрүүдэн шүүсэн гэх хэргийг мөрдөн байцаахдаа хууль зөрчсөн ба шалгавал зохих маш олон материал сэжүүр бий гэсэн санал хүсэлт танхимд гарсанаар шүүх бүрэлдэхүүн ийнхүү шийдсэн аж.

-ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААСНААР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАХ УУ-

Харин энэхүү хэрэг мөрдөн байцаалтад буцсанаар хөөн хэлэлцэх хугацаа тун удахгүй дуусч хэрэг хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүсэх нь гэсэн хардлага олон нийтийн дунд түгээж эхлээд буй. Учир нь хуулиндаа хэрэг шийдэх хугацаа таван жил гэж заасан байдаг бөгөөд уг эрүүдэн шүүсэн гэх хэрэг 2015 оноос хойш шалгагдаж байгаад ийнхүү шүүхийн шатандаа ирсэн билээ. Өчигдрийн шүүхийн шийдвэрээр мөрдөн байцаалтад буцах шийдвэр гаргаснаар хэргийг дахин шинээр шалгаж нотлох баримтуудыг цуглуулж гэрчүүдийг байцаах бөгөөд он дуусахад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор дахин шүүх боломжгүй болох нөхцөл байдалд хүрч болзошгүй юм.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн хэлэхдээ: ”Хэргийг дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байна. Гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байх шиг байна” гэв.

-ЯМАР ШАЛТГААНААР ЯЛТАН Б.СОДНОМДАРЖААГИЙН ӨМГӨӨЛӨГЧ ХИЛ ДАВАВ-

Эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хуралдаан явагдаж байх үеэр буюу наймдугаар сарын 16-ны өдөр ялтан Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг хурлыг орхин шалтгаангүйгээр явсан нь анхаарал татаад буй.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өмгөөлөгч Г.Баянбилэг тэрхүү өдөр хуралдаан завсарлаад эргээд ороход буцаж шүүх танхимд орж ирээгүй бөгөөд өчигдөр өглөө шүүх бүрэлдэхүүн түүнийг бүтэн нэг цаг хүлээсэн байна.

Гэтэл үнэн хэрэг дээрээ өмгөөлөгч Г.Баянбилэг шүүх хурлыг орхин явсан өдрөө шууд хил даван БНСУ-ын Сөүл хотыг зорьсон аж.  Энэ талаар Төв аймгийн шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяраас тодруулахад “Нэг хохирогчийн  өмгөөлөгч ирээгүй. Гадагшаа эмчилгээнд явахаар болсон. Хуулийн дагуу шүүх хурал цааш үргэлжлэх ёстой” гэв.

Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр, Б.Хурц түүнийг талийгаач Д.Энхбатын амь насыг бүрэлгэсэн хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээж нэр төрд халдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар ялсан бөгөөд өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхээс нэр төрд халсан хэргээр Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээгээд байсан аж.

Гэтэл тэрхүү өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд түүнийг танхимын гадна хүлээж байсан гэх. Харин өмгөөлөгч Г.Баянбилэг чухам ямар шалтгаанаар шүүх хурлыг орхин сураг чимээгүй хил даван явсан болох нь бүрэн тодорхой болоогүй байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ