Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: МУГТ тэмдгийг нь тасдаж хэдэн хэсэг салгасан байна лээ. Боксын холбоо арай л яарчихав уу даа

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: МУГТ тэмдгийг нь тасдаж хэдэн хэсэг салгасан байна лээ. Боксын холбоо арай л яарчихав уу даа

Монголын боксын холбооны удирдах зөвлөл өнгөрсөн лхагва гаригт /2021.09.08/ хуралдаж ОУХМ, МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасах шийдвэрийг гаргасан. Учир нь Э.Цэндбаатар нь ёс зүйн доголдол гаргаж хууль бус үйлдэлд хэдэнтээ нэр холбогдсон учир хариуцлага тооцож ийнхүү хасч байна хэмээн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдсэн юм.

Харин Э.Цэндбаатар хариуд нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, гомдолтой байна гэсэн байр, суурийг илэрхийлсэн. Цаашлаад Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон дасгалжуулагч, тамирчдын ёс бус үйлдлийг дэлгэж хэвлэлийн бага хурал хийх болно гэж хэлсэн юм.

ЯРИЛЦЛАГЫН ХЭСГЭЭС СОНСОХ: 

-ЗОДООНЫ АСУУДЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТ ГАРТАЛ ХҮЛЭЭСЭН БОЛ. ИХ ЯАРЧ ШИЙДВЭР ГАРГАЛАА. ЗАЛУУ ХҮҮХДЭД САНУУЛГА ӨГӨӨД ЯВСАН БОЛ ГЭЖ БОДОЖ СУУНА-

Уг асуудал олны анхаарлыг татаж буй энэ үед бид Э.Цэндбаатарын ээж Г.Болормаатай ярилцаж түүний байр, суурийг сонслоо.

-Энэ сарын 05-ны өдөр /2021.09.05/ Монголын боксын холбооны бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Уг хурлын дараа Э.Цэндбаатар хэсэг залуусын хамт пабад архидаж улмаар зодуулсан гэх мэдээлэл бий. Зодуулсан талаараа өөрөө цагдаад гомдол гаргаж одоо шалгагдаж байгаа гэсэн. Энэхүү зодоонд нэр холбогдсон нь түүнийг үндэсний шигшээ багаас хасахад ихээхэн нөлөөлсөн гэж тус холбооны удирдах зөвлөлөөс мэдэгдсэн. Ер нь тухайн өдөр юу болсон юм бол. Ямар шалтгаанаар зодолдсон талаар Э.Цэндбаатар танд тайлбар хэлсэн үү. Юу гэж ярих юм?

-Уг нь миний хүү өр нимгэн, зөөлөн зан ааштай хүү. Найз нөхөдтэйгээ дарвиж жаахан юм уусан болов уу. Ингээд л маргасан байсан. Түүнээс зорьж очиж хүн барьж авч зодоод байх хүмүүмжилтэй хүү биш ээ. Боксоор хичээллэж байгаад зодог тайлсан хоёр тамирчин миний хүүг зодсон гэсэн. Монгол улсын гавьяатын тэмдгийг нь тасдаж гурав, дөрвөн хэсэг болгосон байна лээ. Хүүхдийг минь хэл амаар доромжилж хоёулаа нийлж зодсон байсан. Миний хүү чинь төмөр, мод, чулуу шиг биетэй биш шүү дээ. Хоорондоо муудалцсан бол салаад, хаяад гарч явж болно шүү дээ. Заавал нэгийгээ хэмхчиж, нүдэх шаардлага байсан уу. Хүмүүс чинь биенээ өрөвдөх сэтгэлгүй болсон юм биш үү. Э.Цэндбаатарт зураг, бичлэг гээд бүгд бий.

-Одоо хүүгийн тань бие ямар байна. Танай гэр бүлийнхэн хүүгээ эмнэлэгт үзүүлж, оношилгоо хийлгэсэн үү?

-Эмнэлэгт үзүүлж тархины зураг авахуулсан. Азаар гайгүй байна лээ. Гэхдээ л ямар сайн байхав. Хүүгээ яасан бие сайтай юм дээ л гэж би бодсон. Лантуу шиг гараараа миний хүүгийн нүүр, амыг хөх няц болтол зодож цус нөжийг нь гоожуулсан байсан. Яаж яс нь хугараагүй юм. Өөр хүн байсан бол гомдолтой гээд л явах байсан байх. Хичнээн муудалцсан ч гэсэн нэгийгээ тэгэж зодож болохгүй шүү дээ. Ухамсартай байж болоогүй гэж үү. Хоёрын хоёр хүн нэгийгээ хамжиж зодож болохгүй шүү дээ. Ядаж нэг нь зодооныг зогсоодоггүй юм уу. Тэгсэн тэгээгүй миний хүү боксоор хичээллэж толгой, тархи руу гаа их цохиулдаг /хоолой зангирав/.

-Ер нь боксын холбооны шийдвэрийн талаар ямар байр, суурьтай байгаа вэ?

-Залуу хүүхэд шүү дээ. Зодоон болсон өдөр чухам ямар үйл явдал болсон гэдгийг өөрөөс нь сонсохгүй яав даа л гэж бодож сууна эгч нь. Удирдах зөвлөлийн хуралдаа Э.Цэндбаатарыг оруулж асуудлыг нь авч хэлэлцээд хатуу сануулга өгсөн бол болно шүү дээ. Ядаж “Цаашид алдаа гаргавал хөөнө шүү” гэж нэг удаа сануулсан бол. Өөрийг нь оролцуулалгүй хуралдаад л шууд ийм шийдвэрийг гаргалаа. Тэгэх шалтгаан байсан байх. Эгч нь ойлгох гэж хичээж байна. Зодооны хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодорхой хугацааны дараа хуулийн байгууллагын дүгнэлт гарч буруу, зөв нь шийдэгдэнэ.

Тэгэхээр ядаж цагдаагийн газраас хэн нь буруутай гэдэг дүгнэлт гаргах хүртэл хүлээж байсан бол. Миний хүүг л буруутгаж байна.

Цаад хүмүүсээс ч тайлбар авах ёстой шүү дээ. Хуулийн байгууллагаар шалгагдаж буруу, зөв нь шийдэгдээгүй байхад хэвлэлийн бага хурал хийж миний хүүгийн нэрийг олон түмэнд зарлаж муугаар ойлгуулж байгаагийн учир юу юм болдоо. Цаашид залуу тамирчдыг алдаан дээр нь түлхээд байвал амжилт гаргахад хэцүү болно. Миний хүүгийн хувьд Монголынхоо нэрийг олон улсад сайнаар гаргачихье гээд л сэтгэлээрээ зүтгээд байгаа шүү дээ. Үнэхээр харамсалтай л байна. Арай л яарчихав уу даа.

-Боксын холбооны шийдвэр гарсны дараа та хүүгээ зэмлэв үү?

-Би ч загнасан. Энэ хүртэл яаж хөдөлмөрлөж ирлээ дээ. Хөлс хөдөлмөр, хичээл зүтгэлээ нэг өдөр үгүй хийлээ гээд зэмлэсээн. “Уучлаарай ээжээ. Би дахиж тэгэхгүй ээ” гэсэн.

-Токиогийн олимпоос медальгүй ирсэн учраас хөөчихлөө гэх яриа олон нийтийн дунд их яригдаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Миний хүү Монгол улсынхаа нэрийг олон улсын боксын тавцанд олон л удаа мандуулсан шүү дээ. Хичээгээгүй биш хичээсэн. Сая хүртэл ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж л байсан.

-МИНИЙ ХҮҮ МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ОЛОН УДАА МАНДУУЛСАН ШҮҮ ДЭЭ-

-Боксын холбоог шийдвэрээ эргэн хараасай гэж хүсч байна уу. Энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудад нь хандах уу?

-Би хөөцөлдөөд асуудлыг шийддэг бол сайхан л байна. Нэгэнт шийдвэр гарсан. Танай хүүхэд манай боксын нэр хүндийг унагасан гэж хэлэх байх өө. Уг нь миний хүү хэрэгтэй үедээ хэрэгтэй л байсан байх. Амжилт гаргахад нь зүгээр л байсан.  Иймэрхүү үед нь “Энэ яачихав аа. Юу болов. Сэтгэл санааг нь дэмжмээр байна. Мэргэжлийн хүнд нь хандаж зөвлөгөө өгүүлье” гэж боддоггүй юм шиг байна. Муухай харагдаж эхлэнгүүт л түлхээд байвал үлдэх хүн аль ч спортод үгүй шүү дээ. Санал шүүмжлэл хэлж болно шүү дээ.

-Өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцох үед хавчиж, дарах тохиолдол гарч байсан уу?

-Тэр гайгүй байх. Өөрөө л сайн байж ирсэн. Шударга өрсөлдөөд л гарч ирсэн. Хахуулдаж, таван цаас өгч барьсан удаа нэг ч үгүй.

-Олон нийтийн зүгээс Э.Цэндбаатар ёс зүйгүй, төлөвшил муутай гэж дүгнээд байх шиг байна. Та хүүгийнхээ зан байдлыг тодорхойлбол?

-Миний хүү өөрөө ч хэл, аманд амархан өртөх юм. Тэр нь ч дуулиан, шуугиан болох юм даа. Хамгийн гол нь мэргэжлийн байгууллага нь учир начрыг олохгүйгээр миний хүүг архи уудаг, агсам согтуу тавьдаг гэж дүгнэж байна. Тамирчин хүн дандаа архи ууж явна гэж үгүй шүү дээ. Мөрөөрөө л бэлтгэлээ хийдэг. Тоглох үедээ тоглож, ажил хийхдээ хийж ирсэн л хүүхэд. Юу гэж тийм зүйл байх билээ. Миний хүү бол зөөлөн зан ааштай.

-Э.Цэндбаатарын хувьд арав гаруй жил боксоор хичээллэсэн. Та хүүгийнхээ энэ хүртэл явж ирсэн тамирчны түүхийг бидэнтэй хуваалцвал?

-Э.Цэндбаатар миний гурав дахь хүүхэд, дүүтэй.  Энэ жил 23 настай. 11 настайгаасаа боксоор хичээллэж эхэлсэн. Анх хичээллэж эхлэх үед нь би анхаарч сүйд болоогүй. Дэмжиж, тусалсан нь ч ховор. Өөрөө л сонирхлоороо энэ хүртэл явж ирсэн. Амжилт нь ахиж ирсэн.

-Э.Цэндбаатар гадаад улс руу явж мэргэжлийн боксод хүчээ үзнэ гэсэн байсан. Энэ талаар та ямар байр, суурьтай байгаа вэ?

-Гадаад руу явах эсэх нь тодорхой байгаагүй. Өөрөө гадаад руу явна гэж хэлсэн болов ч яг хаашаа явах нь тодорхойгүй байна. Коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр визний асуудал гээд бэрхшээл их шүү дээ.

-Танд баярлалаа.