СУРВАЛЖИЛГА: Гэрээр эмчлүүлж буй иргэдэд олгож буй эмийн багц нэг ширхэг “Remdesivir” тарианы үнэд ч хүрэхгүй байна

СУРВАЛЖИЛГА: Гэрээр эмчлүүлж буй иргэдэд олгож буй эмийн багц нэг ширхэг “Remdesivir” тарианы үнэд ч хүрэхгүй байна

ЭМЯ-ны сайд С.Энхболд Лхагва гараг/2021.09.15/-т мэдээлэл өгөхдөө коронавирусийн халдвараар хөнгөн өвдөж, гэрээр эмчлүүлж буй иргэдэд олгох эмийн багцыг 160 мянган төгрөг болгосон тухай хэлсэн. Тодруулбал, тэрбээр “Гэрээр эмчлүүлж буй иргэдийн багц гэж бий. Тухайн иргэн коронавирусийн халдвараар өвдсөн нь баталгаажиж, өрхийн хяналтад орвол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгож байгаа. ЭМЯ, болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар долдугаар сарын 1-ээс эхлэн 70 мянга байсныг 160 мянга болгосон” гэсэн юм.

Гэвч С.Энхболд сайдын Засгийн газрын индрийн араас хэлсэн үг бодит байдал дээр хэрэгжихгүй, тэс өөр байгаа талаар иргэд хэлж байна.

-160 МЯНГАН ТӨГРӨГ НЬ ДАН ГАНЦ ЭМИЙН ЗАРДАЛ БИШ-

Уг 160 мянган төгрөг нь дан ганц эмийн зардал биш аж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр 160 мянган төгрөгт:

  • Өвчтөнд хоёр удаа биеэр очиж үзлэг, оношилгоо хийх,
  • Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл,
  • Өдөр бүр хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах,
  • Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц,
  • ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардал багтаж байгаа аж.

Энэ бүхнийг оролцуулан тооцвол иргэдэд очих эмийн багцын зардал хавьгүй багасна. Тэгвэл иргэдэд өгсөн эмийн багцад юу юу багтаж байгаа талаар бид сурвалжилсан юм.

Ингэхэд эмийн багцад “витамин С, Д, Исла, Инфлюфид, Ибупрофен, Аспирин, Флюдитек” гэсэн эмүүд нийтлэг багтсан нь харагдаж байлаа.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 11-Р ХОРООНЫ ИРГЭН Б

Баянгол дүүргийн 11-р хорооны иргэн Б гэр бүлээрээ халдвар авчээ. Улмаар гэрээсээ гарч эм авах боломжгүй учраас өрхийн эмнэлэгтээ хэлж, эмийн багц авсан байна. Гэвч эмийн багцад нь витамин С, Д, мөн хоёр төрлийн л эм байсан төдийгүй зөвхөн нөхөрт нь л өгчээ. Иргэн Б бидэнд мэдээлэхдээ “Манайх нярай бас хоёр настай хүүхэдтэй. Хоёр хүүхэд маань 38,39 хүрч халуурч байхад ямар ч эм өгөөгүй. “Хүүхдийн багц байхгүй” гэсэн. Гэр бүлийн хоёр хүн эерэг гарсан байхад нэгэнд л өгөөд гараад явчихсан. Өрх рүүгээ дахин холбогдох гэсэн ч чадаагүй. Арга буюу өөрөө гарч эм авсан” гэсэн юм.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 15-Р ХОРООНЫ ИРГЭН Ө

Баянгол дүүргийн 15-р хорооны иргэн Ө мөн л гэр бүлээрээ халдвар авсан бөгөөд эерэг гарсан өдрөө өрхийн эмнэлэгтэйгээ холбогджээ. Гэвч утсаа авахгүй байсан тул арга буюу өөрөө очиж, шинжилгээний бичгээ үзүүлэн эмийн багц авсан байна. Өгсөн эмийн багцад нь витамин С, Д,  вирусний эм л байсан бөгөөд өөрөө дахин гарч эм худалдаж авсан талаараа бидэнд хэлж байлаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 22-Р ХОРООНЫ ИРГЭН Ч

Иргэн Ч мөн л шинжилгээ эерэг гарсан өдрөө эмийн багц авчээ. Гэвч зарим нэр төрлийн эм байгаагүйн улмаас нэмж авсан талаараа бидэнд хэлж байсан юм. Тэрбээр “Эмийн багц гэж өгсөн эмүүд нь яг уух хоногоороо байгаагүй. Нийлүүлж бодоход 30 мянган төгрөгийн л эм байсан” гэсэн юм.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭН С

Тэгвэл орон нутагт гэрээр эмчлүүлж буй иргэдэд ямар багц өгч байгаа талаар тодруулахаар бид хэд хэдэн хүнтэй холбогдож мэдээлэл авсан юм. Иргэн С-ийн хувьд халдвар авсны дараа өрхөөсөө эмийн багц авсан ч удалгүй хүндэрч эмнэлэгт хүргэгджээ. Түүний гэр бүлийнх нь хүн мөн өвдсөн бөгөөд гэрээр эмчлүүлж байжээ. Гэтэл хэдэн хоногийн дараа өрхийн эмнэлгээс нь холбогдож, “иргэн С эмнэлэгт хэвтсэн тул өгсөн эмийн багцыг нь эргүүлж авна” гэсэн байна.

Энэ мэт иргэд өрхтэйгөө холбогдож чадахгүй, холбогдсон ч эмийн багцыг авчирч өгөхгүй байгаа тул өөрийн биеэр очиж авахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Гэвч асуудал үүгээр дуусахгүй. Өрхөөс өгсөн багцад нь цөөн тооны эм багтсан, өрхийн эмнэлэг нь утсаа авдаггүй, авсан ч шаардлагатай тусламжийг үзүүлж чаддаггүйг олон иргэн хэлж байна.

160 мянган төгрөгийн санхүүжилтэд өвчтөнд хоёр удаа очиж үзлэг, оношилгоо хийх, өдөр бүр хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах зардал багтжээ. Гэвч бидэнтэй холбогдсон бүх иргэн энэ тусламжийг авч байгаагүйгээ хэлж байлаа.

-ӨРХӨӨС ӨГСӨН ЭМИЙН БАГЦ ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙГ
ЭДГЭЭЖ ЧАДАХ УУ-

Гэрээр эмчлүүлж буй иргэн хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтдэг. Гэвч ачаалал нэмэгдэж, ор дүүрсэн энэ үед танил талгүй л бол  эмнэлгийн бараа харахад хэцүү болсон нь нууц биш. Арга ядахдаа иргэн өрхийн эмнэлэгтээ хандана. Өрхийн эмнэлэг нь сайн ажилладаг бол эмийн багц өгнө. Тэгвэл өгсөн эмийн багцаар нь иргэн өөрийгөө бүрэн эмчилж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. 

Дээр дурдсанчлан зарим иргэнд өрхөөс нь цөөн тооны л эм өгсөн байна. Энэ тохиолдолд боломжтой нэгэн нь дутуу эмүүдээ авч чадах ч, хүнд хэцүү амьдралтай иргэд өрхөөс өгсөн хэдэн эмээ уусаар дээрдэх биш, эсрэгээ болж байна. Мөн сүүлийн үед халдвар авсан иргэд “Remdesivir” гэх тариаг хийлгэдэг болжээ. Тус тарианы ширхгийн үнэ 130-140 мянгын хооронд байгаа юм.  Биеийн байдлаас хамааран өвчтөн нэгээс таван удаа “Remdesivir” тариаг хийлгэдэг. Доод тал нь гурван удаа тариа хийнэ гэж тооцоход 400 гаруй мянган төгрөгийн зардал гарна. Харамсалтай нь хүн бүхэнд энэ хэмжээний мөнгө байхгүй учраас боломжтой нэгэн нь л уг тариаг авч чадах тухай иргэд хэлж байлаа.

С.Энхболд сайдын хэлж буйгаар гэрээр эмчлүүлж буй иргэдэд олгох санхүүжилтийг 70 мянгаас 160 мянга болгосон нь бүх асуудлыг шийдсэн юм шиг. Гэвч бодит байдал эрхэм сайдын хэлснээс эсрэгээрээ байна.  




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө