ШУУРХАЙ: БЗД-ийн татварын байцаагчид Хойд Солонгосын иргэнийг дээрэмдсэн хэрэгт холбогджээ

2022-01-21 17:31

ТЕГ: Солонгос иргэнийг дээрэмдсэн гэх татварын байцаагчдын гэм буруутай нь шүүхээр шийдэгдвэл ажлаас хална

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагчид болох С, Ц нар бүлэглэн манай улсад оршин сууж буй Солонгосын иргэн Х.Рийг гэртээ байхад нь зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулаад, дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Өдгөө тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тус хэргийг үйлдэх үедээ С, Ц нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэг. Иймд тэднийг Эрүүгийн хуулийн 17.2.3.3-д зааснаар 12 жил хүртэл хугацаатай хорих ялаар шийтгэхээр шүүхэд шилжээд байгаа юм.

Бид энэ талаар Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын Хүний нөөц, сургалтын хэлстийн дарга С.Орхон,  "Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т төрийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрийн албанаас халах заалттай байдаг.

Тиймээс бид хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэж арга хэмжээ авна.

Монголын татварын албаны хувьд төрийн албан хаагчийн ёс зүйг мөрдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Яг одоогийн байдлаар гэхэд олон улсын ISO 9001 стандартыг мөн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийнхөө хүрээнд төрийн албан хаагчийг ёс зүй, ёс суртахуун, зан харилцааны чиглэлийн сургалтад хуваарийн дагуу бүх байцаагчдаа хамруулж, соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг дотоод сүлжээгээрээ тогтмол явуулдаг. Өнгөрсөн 2021 онд гэхэд иргэдээс ирсэн гомдол саналд үндэслэн дотоод хяналт шалгалт явуулж 13 албан хаагчид ёс зүйн арга хэмжээ авсан байгаа. Одоогоор ажлаа хийж байгаа" гэлээ. 

2022-01-21 13:06

ШУУРХАЙ: БЗД-ийн татварын байцаагчид Хойд Солонгосын иргэнийг дээрэмдсэн хэрэгт холбогджээ

Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн татварын хэлтсийн байцаагчид болох С, Ц нар бүлэглэн манай улсад оршин сууж буй Солонгос иргэн Х.Р-ийг гэртээ байхад нь зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулаад, дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өнөөдөр /2022.01.21/ мэдээлсэн.

Тэгвэл тус хэрэг нь өнгөрөгч наймдугаар сар /2021.08/-д үйлдэгдсэн бөгөөд тус хэргийн улмаас хохирсон иргэн нь Хойд Солонгос /БНАСАУ/-ын иргэн болох нь тогтоогджээ. Улмаар тэрээр манай хуулийн байгууллагад “гомдолтой” хэмээн мэдүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагчид болох С, Ц нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.2.3.3-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн Шүүхэд шилжүүлээд байгаа аж. Харин эрүүгийн хэрэгт холбогдсон С, Ц нар нь өнөөдрийг хүртэл төрийн албаны ажлаа хийсээр байгаа ажээ.

2022-01-21 07:55

ШУУРХАЙ: Татварын байцаагчид шунахайн сэдлээр Солонгос иргэнд хүнд гэмтэл учруулж, дээрэмдсэн хэрэг гарчээ

Монгол улсад 2021 оны сүүлийн байдлаар гэхэд 123 улсын 16 мянган гадаадын иргэн түр болон албан, хувийн хэргээр оршин сууж байгаа аж. Тэгвэл сүүлийн үед манай улсад оршин сууж буй гадаад иргэдийг дээрэмдэж, хүч хэрэглэсэн хэрэг гарах болоод байна.

Жишээлбэл, энэ 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр /2022.01.03/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын харьяат иргэнд дөрвөн этгээд бүлэглэн хүч хэрэглэж, түүний 1,1 тэрбум орчим төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарч байсан юм.

Тэгвэл мөн хамгийн ноцтой нь, манай улсад амьдарч байгаа Солонгос иргэнийг төрийн албан хаагчид дээрэмдэж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг гарч, тус хэргийг өдгөө шүүхэд шилжүүлээд байгаа ажээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагчид болох С, Ц нар бүлэглэн манай улсад оршин сууж буй Солонгосын иргэн Х.Р-ийг гэртээ байхад нь зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулаад, дээрэмдсэн хэрэг гарчээ. Өдгөө тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа ажээ.  Тус хэргийг үйлдэх үедээ С, Ц нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж. Иймд тэднийг Эрүүгийн хуулийн 17.2.3.3-д зааснаар 12 жил хүртэл хугацаатай хорих ялаар шийтгэхээр шүүхэд шилжээд байгаа ажээ. Эрүүгийн хуулийн 17.2.3.3-д, Дээрэмдэх; “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Бид хэрэг явдлыг эргэн мэдээлэх болно. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө