Осолд орсон иргэнд “тусламж үзүүлээгүй” тухайгаа Баян-Өлгий эмч “Зүрхний өвчтэй хүн явсан учир айх болов уу гэж бодсон” гэжээ

Осолд орсон иргэнд “тусламж үзүүлээгүй” тухайгаа Баян-Өлгий эмч “Зүрхний өвчтэй хүн явсан учир айх болов уу гэж бодсон” гэжээ

Одоогоос 8 хоногийн өмнө Өвөрхангай аймагт ноцтой зам тээврийн осол гарчээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр /2022.01.22/ нэгэн иргэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, осол гарах үед Баян-Өлгий аймгийн түргэн тусламжийн баг таарсан ч осолд орсон иргэдэд анхны тусламж үзүүлээгүйд гомдолтой байгаа талаараа мэдээлсэн.

Тодруулбал, "Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Гарьд” гэдэг газарт 2022 оны 01-р сарын 15-ны 04.00-05.00 цагийн хооронд хоёр автомашин (Sai, prius20) мөргөлдөж, ноцтой осол гарсан. Осол гарснаас хойш 10 орчим минутын дараа Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот чиглэлд явж байсан Баян-өлгий аймгийн түргэн тусламжийн машин ирж зогсож, эмч, жолооч хоёр бууж ирсэн байна. Тухайн үед (Sai ) маркийн авто машины зорчигч Т-нь амьд байсан бөгөөд Т-д анхны тусламж үзүүлэхийг олон удаа гуйсан боловч анхны тусламж үзүүлээгүй, эм, тариа байхгүй гэсэн шалтаг хэлсэн байна. Энэ хүнийг авч явч эмнэлэг хүргэж өгөөч гэж гуйсан боловч, авч явах боломжгүй гэж гадаа гурван есийн хүйтэн болж байхад орхиж явсан байна.

Тухайн Т-нь цаг орчим амьд байсан байна. Тухайн үед анхны тусламж үзүүлсэн бол энэ хүн амьд үлдэх бүрэн боломж байсан.

Тангараг өргөсөн эмч, жолооч хүн байж тусламж үзүүлээгүйд ар гэрийнх нь бид бүгэд маш их гомдолтой байна. 07:15 цагт Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ирсэн үед Т-нь нас барсан байсан. Тангараг өргөсөн эмч хүн байж тухайн авто осолд орсон хүнд анхны тусламж үзүүлэлгүй идэр өвлийн хүйтэнд орхиж явсан хариуцлагыг хэн хүлээх вэ. Энэ талаар холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна" хэмээсэн байдаг. Тус ослын улмаас зургаан болон 18 насны хоёр хүүхэд, хоёр том хүн нас барсан байна. 

Харин Баян-Өлгийгөөс Улаанбаатар чиглэлд явж байсан түргэн тусламжийн эмч осолд орсон иргэдэд яагаад тусламж үзүүлээгүй талаараа "Зүрхний өвчтэй хүн авч явсан учраас айх болов уу гэж бодсон. Мөн түргэний автомашинд тавуулаа явсан болохоор ахиж хүн нэмж авах боломж байгаагүй, осолд орсон хүмүүсийг тархины гэмтэлтэй байж магадгүй гээд хөдөлгөөгүй" хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч  ослын улмаас нас барсан иргэний ар гэрийнхэн "Хэрэв түргэний эмч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, амь гуйж байсан иргэнд анхны тусламж үзүүлсэн бол 26 настай залуу өнөөдөр амьд үлдэх боломж байсан байхыг үгүйсгэхгүй" хэмээн үзэж, гомдолтой байгаа аж. 




Өнөөдөр гахай өдөр

26 минутын өмнө