И.Мөнхжаргал: Дахин зарлаж байгаа АН-ын даргын сонгуульд Б.Тулгат, О.Цогтгэрэл нарын аль нь ч дэвших эрхтэй

И.Мөнхжаргал: Дахин зарлаж байгаа АН-ын даргын сонгуульд Б.Тулгат, О.Цогтгэрэл нарын аль нь ч дэвших эрхтэй

Улсын дээд шүүхээс О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзсан. Тиймээс дахин Ардчилсан намын даргын дотоод сонгууль, Их хурлыг зохион байгуулж тус намын даргыг сонгох шаардлага үүссэн талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал ярилаа. Энэ асуудлаар түүнтэй ярилцав.

-ДОТООД СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛААР ЭНЭ САРЫН 24-НД ХУРАЛДАНА-

-Ардчилсан намын дотоод сонгууль, Их хурлыг дахин зохион байгуулж намын даргыг шинээр сонгох шаардлага үүссэн талаар мэдээлэл байна. Үндэслэл, шаардлага нь юу вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ цаг үед Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болчихоод байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 20-ны өдөр манай намтай холбоотой шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан. Уг шийдвэр “Намын Их хурал болон түүнийг зарласан Үндэсний бодлогын хороог хүчинтэй. Гэхдээ О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон сонгуулийг чинь хүчингүй гэж үзэж байна” гэсэн байсан.

Мөн энэ тогтоолоор “Хэрвээ танай нам дүрмийнхээ хүрээнд дахин намын даргаа сонгоод ирвэл Дээд шүүх хүлээж авахад бэлэн байна” гэдэг агуулгыг бидэнд ойлгуулсан.

Энэ даруйд нь сонгууль хийе гэж бодож буй ч ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүлээлтэд ороод байна. Дүгнэж хэлэхэд, О.Цогтгэрэл даргыг сонгосон сонгуулиа хүчингүй болгох шаардлага үүсээд байна. Дахин сонгууль зарлахын тулд өмнөх сонгуулиа хүчингүй болгох ёстой. Учир нь Дээд шүүх энэ сонгуулийг хүчингүй гэж үзсэн.

-Дотоод сонгуулийг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Дотоод сонгуулийн хороо нэгдүгээр сарын 24 /2022.01.24/-ны өдөр хуралдана. Энэ хурлаараа намын даргын сонгуулийг ярилцана. Гэхдээ ковидын нөхцөл байдлыг харна. Зорилго нь Ардчилсан намын даргыг дахин сонгох.

-Намын удирдлагууд болон жирийн гишүүд дэмжигчид чинь дэмжиж байгаа юу?

-Эхлээд дөрөвдүгээр сард болсон сонгуулиа хүчингүй болгоод дахин сонгууль зарлана. Намын гишүүдээсээ асууна. Мөн намын даргад өрсөлдөх эрх нь бүгдэд нээлттэй. Одоо сонгуулийг зохион байгуулахаас өөр аргагүйг гишүүд бүгд мэдэж байгаа. Бүх зүйл шинээр эхэлж буй учир нь өмнө нь нэр дэвшиж байсан хүмүүс дэвшиж ч болно. Үгүй ч байж болно. Тухайлбал, О.Цогтгэрэл  дарга дахин өрсөлдөхөд бэлэн гэдгээ ч илэрхийлсэн. Дээд шүүхтэй маргаж байхаар шаардсанаар нь сонгуулиа дахин хийчихье. Нэг талдаа гарах хэрэгтэй шүү дээ.

Б.Тулгат, О.Цогтгэрэл аль нь ч дэвших эрхтэй. Мөн бүх гишүүдэд нээлттэй. Ялсан нь дарга. 

-Та хоёр талтайгаа биечилж уулзаагүй юм байна. Тийм үү?

-Сонгуулийн байгууллага бол хараат бус. Уулзах шаардлага байхгүй. Тэдний өрсөлдөх эсэх нь өөрсдийнх нь асуудал.

УДШ-ийн албан тоот

-С.ЭРДЭНЭ ӨӨРИЙГӨӨ ДАРГА ГЭЖ ЯРЬЖ ЯВАХААСАА ИЧИХ ХЭРЭГТЭЙ-

-Дээд шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэ, Б.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн нь ч дарга биш юм байна. Тийм үү?

Тийм. Мянга өөрийгөө дарга гэж нэрлээд утга авцалдаагүй болсон. Дээд шүүхийн сайт руу ороод уншихаар Ардчилсан нам даргагүй. Албан бичгийг нь харахаар мөн даргагүй байхад хэвлэлээр өөрийгөө дарга гэж ярьдаг. Ийм нөхцөлд С.Эрдэнэ “Өөрийгөө дарга” гэж хэлэхээс ичих хэрэгтэй. Бид нар тэр хүний амыг барьж чадахгүйгээс хойш явж л байх нь дээ.

-Таны хувьд аль талыг нь хуулийн хүрээнд ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Улс төрийн намын тухай хууль, намын дүрэм, журмаараа хэн ч дарга биш. Хэнийг нь ч хэлэх боломжгүй. Хэдийгээр С.Эрдэнэ даргатай сонгуулийн, дүрмийн хороо гэж байгаа боловч аль 2017 байгуулагдсан Сонгуулийн байгууллага нь байж л байна. Энэ хороо аль нэг талыг барьдаггүй. Гэтэл үүнд хамаагүй бүтцийн байгууллагыг дэргэдээ байгуулаад түүгээрээ цахим сонгууль гэж сонгууль хийсэн юм шиг дүр эсгээд яваад байна.  

-Сонгууль зохион байгуулахыг намын гишүүд тань дэмжихгүй байх вий гэсэн эрсдэлийг тооцож байгаа юу?

-Бодит байдал дээр хоёулаа эсэргүүцэх магадлалтай. Учир нь О.Цогтгэрэлийн намын сонгуулийн үр дүнг хүчингүй болгох гэж байна. Нөгөө талд Б.Тулгат өөрийгөө намын дарга гээд бодож явтал хүчингүй болгочихно. Гэхдээ нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол маргаад ямар ч үр дүнгүй болсон. Одоо дахин сонгууль зохион байгуулаад сонгогдсон намын даргаа Дээд шүүхэд өргөн барих л үлдээд байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.