А.Ганбаатар: Монголчууд хөлбөмбөг тоглоод амьдрах бүрэн боломжтой

А.Ганбаатар: Монголчууд хөлбөмбөг тоглоод амьдрах бүрэн боломжтой

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх гэдгээр нь хүмүүс мэднэ. Түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа буугаад сэтгүүл зүйн салбартаа ажиллах болов уу гэсэн таамаглал байсан ч хөлбөмбөгийн спортыг сонгосон нь анхаарал татсан. Монголчуудаас тээр хол гэгддэг хөлбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхээр ажилласны учир,  цаашид улс төрийн салбарт хэр идэвхтэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа болон экс Ерөнхийлөгчтэй холбоотой байдаг зэргийг түүнээс асуулаа. Ингээд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарын ярилцлагыг хүргэж байна.

СОНСОХ: 

-БӨӨН ХЭРҮҮЛ, ШУУГИАНТАЙ БАЙХАД НЬ БИ ӨӨРӨӨ ӨРСӨЛДӨЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫГ АВСАН ЮМ-

-Таныг зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгөөд сэтгүүл зүйн салбартаа ажиллах болов уу гэж таамаглаж байсан. Учир нь та сэтгүүлч мэргэжилтэй, сүүлийн жилүүдэд олон нийт рүү чиглэсэн пи арын ажлыг хийж байсан шүү дээ. Гэтэл хөлбөмбөгийн холбоог хөгжүүлнээ гээд яваад өгсөн нь анхаарал татсан л даа. Энэ спортыг, тус салбарыг сонгож ажилласан учир юу вэ?

-Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаанд нь буюу найман жил зөвлөхөөр нь ажилласан. Харин хөлбөмбөг миний багын хобби юм. 1982 онд Испанид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би Германы шигшээ багийг дэмжиж, багийнх нь ахлагчийг шүтэж байв. Тухайн үед энэ спортыг хөлөөрөө биш ухаанаараа тоглодог юм байна гэдгийг би ойлгосон. Түүнээс хойш хөлбөмбөгийн спортод орсон. Багадаа ч тоглодог байсан. Намайг багад одооных шиг ногоон талбай байгаагүй, шороон дээр тоглодог байлаа шүү дээ. Доогуур ордог буланг “Шороон булан” гэж ярьдаг байлаа шүү дээ. Одоо ногоон булан гэж хэлэлтэй биш. Сайхан цаг үе иржээ. Хөлбөмбөгийн холбооны удирдлагын хэмжээнд оролцох эхлэл 2010 оноос эхлэлтэй. 2010 онд би хамт хөлбөмбөг тоглодог байсан багын найзтайгаа “Арвис” клубыг байгуулсан. Манай клубт эрэгтэй, эмэгтэй нийлсэн 200 орчим хүүхэд одоо хичээллэж байна. Энэ хүүхдүүдийг спортоор хөгжүүлэх, багийн сэтгэл зүйтэй болгохоор ажиллаж байгаа  юм. 2010 онд клубийнхээ тэргүүнээр сонгогдчихоод байж байсан чинь шинэ жил болдог юм аа. Ингээд манай холбооны өмнөх Ерөнхийлөгч Б.Ганболд намайг уриад  “Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Таны ажиллах хүрээнд спортын чиглэл багтдаг. Тийм учраас хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд ажиллаж болох юм биш үү” гэсэн. Тухайн үед миний ажиллах хүрээнд нийгмийн бүхий л салбар орж байсан л даа. Ингээд шинэ он гарсны дараа намайг Удирдах зөвлөлдөө урьж оруулж байсан юм. Хөлбөмбөгийн холбоонд 2013 онд орж ажиллаж эхэлсэн санагдаж байна.

-Бүр эрт юм байна. Би таныг 2016 онд хөлбөмбөгийн холбоонд ажилласан гэж санаад байдаг юм?

-Тийм, тийм.Би 2014 онд нэр дэвшээд дэд ерөнхийлөгч болсон. 2015 онд хөлбөмбөгийн холбооны анхны ардчилсан сонгуульд нэр дэвшиж ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хөлбөмбөгийн олонхоос  сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм. Санаандгүй явж байгаад хөлбөмбөг рүү орсон юм биш. Багын хүсэл мөрөөдөл мөн хөлбөмбөгийн клуб ажиллуулдаг хүний хувьд энэ холбоо руу орсон юм.

-Таныг анх Ерөнхийлөгчийн ажлыг авахад хөлбөмбөгийн холбоо ямар дүр төрхтэй угтаж байв?

-Хөлбөмбөгийн холбоо байгуулагдаад 60 жил болж байна. Энэ цаг мөчид их ой нь тохиож байгаа юм. 1997 онд Азийн хөлбөмбөгийн холбоо, 1998 онд дэлхийн хөлбөмбөгийн холбооны ФИФА-д элссэн. Тэгэхээр Азийн хийгээд дэлхийн хөлбөмбөгийн холбооны гишүүн болсон түүх нь хожмоо юм. Анх Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авахад мэдээж дэд бүтэц, багийн амжилт тодорхой хэмжээнд байсан. Хөлбөмбөгийг тойрсон улс төр гэж  хэлье л дээ зохион байгуулалтын хувьд бөөн хэрүүл шуугиантай байлаа. Тийм хэцүү үед нь би өөрөө өрсөлдөж Ерөнхийлөгчийн ажлыг авсан юм аа. Тухайн үед буюу 2015 онд Монгол улс дэлхийн чансааны жагсаалтад 201-205 -д бичигддэг “баян ходоод” байсан. Чансаа бол нэг л үзүүлэлт юм.

Ийм л хүнд байгууллагыг авч  байлаа. Түүнээс бид хойш бодлого, менежмент, шигшээ  баг, өсвөр үе, дасгалжуулагчдын боловсрол, эрүүл  мэнд, спортын анагаах ухаан зэрэг бүхий л чиглэлд жигд авч явах гэж хичээсэн. Надад менежерийн туршлага байсан. Зөвхөн улс төр биш төрийн бус байгууллага, компани гэх мэт олон газарт ажиллаж байсан. Тэрхүү менежерийн туршлагаа холбоо дээрээ хэрэгжүүлсэн. Ингээд дөрвөн жилийн дотор дорхноо босч ирсэн. Сайхан ажлууд өрнөсөн. Мэдээж хэл амтай, шүүмжлэлтэй зүйлүүд байсан.

Гэхдээ чи боддоо, дөрөвхөн жилийн дотор Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг анх удаа аваргаллаа. 60 жилийн түүхэндээ дэлхийн аваргын урьдчилсан тоглолтод гарсан. Одоо группд ороод тоглож байна. Мьянмар, Киргиз, Тажикстантай тоглолоо. Одоо Японтой тоглох гэж байна. Үргэлжлүүлээд Киргиз, Мьянмартай тойроод тоглоно. Энэ бол ний, нуугүй хэлэхэд, манай баг хамт олны, мань мэтийн зүтгэсэн зүтгэлийн үр дүн юм.

-Монголын шигшээ баг саяхан түүхэн амжилтаа гаргалаа. Холбооны ажилчдын, баг тамирчдын  тухайн үеийн сэтгэл зүй хөшигний ард ямар байсан. Одоо дүрсэлж ярьвал?

-Аймаар байсан. Манай хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид соёлтой болж эхэлж байна. Давлагаа хийж байхыг нь харсан уу. Хожсон ч, хожигдсон ч багаа дэмжиж  алга ташиж байгаа юм. Мэргэжлийн хөгжөөн дэмжигчид бий болж  байна. Олон улсын соёлыг харж байгаа  байх. Миний хувьд дагаж хөөрөөд байх боломжгүй. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болсон. Азийн дэд ерөнхийлөгч байж Монголынхоо багийг дэмжээд орилоод байлтай нь биш. Дипломат байх ёстой. Зангиа зүүдэггүй юм аа гэхэд албаны хослолоо өмсөөд зүгээр сууж байх ёстой. Энэ бол протокол юм.

-ОНГОЦОНД СУУСАН Ч ГУЧААРАА, БУУДАЛД БАЙРЛАСАН Ч ГУЧААРАА. МАНАЙ БАГ ӨӨР ОРОНД ОЧООД БУЦАХАД Л 100-200 САЯ ТӨГРӨГ ЗАРДАГ-

-Хөлбөмбөгийн холбоог улсын төсөвт өндөр татвар төлдөг мөртлөө бодит дэмжлэг авдаггүй гэж би сонсож байсан. Үнэхээр санхүүгийн хувьд бодоход халгамаар л юм шиг санагддаг. Хамгийн чухал асуудал болох санхүүгийн асуудлаа та хэрхэн зохицуулж ирсэн бэ?

-Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбооны АFC гэж байгууллагууд бий. Энэ байгууллагууд гишүүн орнууддаа тодорхой хэмжээний дэмжлэг өгдөг. Гэтэл энэ дэмжлэг бидний зорилт, төлөвлөгөө, төсвийн хаана нь ч хүрэхгүй. Хөлбөмбөгийн холбооны гишүүд бүгд мэдэж байгаа. Жил бүр 500-600 сая төгрөгийн хасахтай төсвөө батлуулдаг. Энэ мөнгийг дахиж босгоно. Гэтэл зорилтууд асар их. Том хөлбөмбөг, эмэгтэй хөлбөмбөг, футзал, нас, насны хөлбөмбөг, дасгалжуулагч, шүүгч нарын сургалт, хүмүүнлэгийн асуудлууд тэр дундаа оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн хөлбөмбөг гэх мэт ажилд гарах зардал их. Та бүхэн нэг зүйл ойлгох хэрэгтэй. Шатарчид эсвэл теннисчид биднээс өөр. Гадагшаа, дотогшоо явахад нэг, хоёр хүний л зардлын асуудал яригдана. Гэтэл манай хөлбөмбөгийн баг гучаараа явж байна /инээв/. Онгоцонд суусан ч гучаараа, буудалд байрласан ч гучаараа. Өдрийн гурван хоол иднэ. Олон улсын тэмцээнд оролцохоор гадны оронд очиход дор хаяж долоо хонодог. Солонгос, Хятад, Япон, Герман зэрэг хэдхэн орон руу шууд нисдэг. Гэтэл энэ орнуудтай  манай  баг тоглоод байх боломжгүй. Харин тоглох боломжтой орнууд руу дандаа дамжин нисдэг. Хоёр нислэгээр очно, бөөн зардал. Манай баг ирээд, буцахад л доод тал нь 100-200 орчим сая төгрөгийн зардал гардаг. Тамирчид банана, витамин иднэ. Жерси хувцсаа солино. Гучин хүний зардал бол аймар шүү дээ. Олон улсын тэмцээнд нас, насаараа олон дахин явахаар бид нарын ярьж буй мөнгө  хаанаа ч хүрэхгүй. Дандаа мөнгө босгож гадаад руу явдаг. Дотооддын үндэсний хөрөнгө оруулагч нар хийгээд гадны компаниудаас гуйлга гуйдаг. Холбооны Ерөнхийлөгч гадаад, дотооддоо Монголын хөлбөмбөгийг төлөөлнө гэж дүрэмд заасан байдаг. Гадны тэр дундаа Солонгос, Япон, Хятад зэрэг ойрхон газруудтай  гэрээ хийгээд “Манай шигшээ багийг өвөл авч бэлтгэл хийлгэж өгөөч” гэж гуйж байгаа. Ингэхээр тэд “Та бүхэн онгоцны асуудлаа шийдээд хүрээд ир. Бид энд байх хугацааны зардлыг нь шийдье. Дэмжлэг үзүүлье” гэдэг. Хэрвээ үүнийг мөнгөөр бодох юм бол төсөв мөнгөнөөс давсан юм  болно.  Найз, нөхдийн харилцаан дээр л энэ асуудлыг шийдэж байгаа юм. Өвөл манай баг тоглох боломжгүй болно. Гэтэл бидэнтэй өрсөлддөг орнууд 12 сард  дулаан л байж байдаг. Гэтэл бид зургаахан сарын хугацаанд хөлбөмбөг тоглодог. Үлсдэн хугацаанд юу хийх юм бэ. Тиймээс гадны оронд очиж бэлтгэл хийлгэхийг зорьж ажиллаж байгаа юм.

-Өнөөдөр Япон явах юм байна?

-Япон бидэнд тусалдаг байсан бол одоо нэг группд оронгуутаа туслахаас татгалзаж байгаа юм. Сая бид “Японд байх хугацааны зардлыг даагаад өгөөч. Бид Улаанбаатарт очвол зардлыг тань даая” гэдэг саналыг хэлсэн. Яагаад гэвэл, Улаанбаатарт гарах зардал нь хамаагүй бага шүү дээ. Бидний Японд байх хугацааны зардал 200 сая төгрөг болж байгаа юм. Гэтэл Япон бидний өрсөлдөгч болоод ирэхээр “Үгүй ээ өөр, өөрсдийн зардлыг даая” гэж байгаа юм. Энэ  мэтчилэн мөнгөтэй холбож яривал хүмүүс дандаа буруугаар ойлгодог. Бид зардлаа дандаа босгож явдаг. Аймаар хэцүү шүү дээ.

-Цаашид энэ зардал мөнгөний асуудлыг яаж шийдвэрлэе гэж төлөвлөж байгаа вэ. Төрийн дэмжлэггүй хол явахгүй харагдаж байна?

-Бидний ойрын жишээ Вьетнам, холын жишээ Исланд байна. Исландад манайтай  адил өвөл болдог. Исланд 300 гаруйхан мянган хүнтэй мөртлөө Европын аваргын наймд, дэлхийн аваргын 16-д эрэмбэлэгддэг багтай. Исландын хөлбөмбөгийн холбооны  Ерөнхий нарийн бичгийн дарга болоод Ерөнхийлөгчөөр ажилласан мундаг залуу ФИФА-ийн хурлыг Монголд урьж хийлгэхэд ирж илтгэл тавьсан. Тэр залуу нэг л зүйл хэлсэн. 1930 гаруй оны үед Исландын иргэд архи их ууж байсан юм байна лээ. Эрт харанхуй болдог учир оройдоо хийх ажилгүй архиддаг байсан гэсэн. Ингээд иргэдээ архинаас гаргах Засгийн газрын бодлого явагдсан. Тэр бодлого нь спортоор л ард иргэдээ аврах юм байна гэдэг рүү чиглэж байсан. Ингээд заал, талбайг бэлдэж биеийн тамирын багш нарыг сургасан. Засгийн газраас шаардлагатай төсөв хөрөнгийг нь гаргасан. Ингээд л 20-30 жилийн дотор босоод ирсэн. Манайд төрийн дэмжлэг л хэрэгтэй.

Төр дэмжихгүй бол ФИФА-ийн тусламжаар, хандив мөнгө цуглуулаад хол явахгүй. Одоо бид түлхэх хэрэгтэй. Саяхан багийн спорт руу чиглэсэн зөв, эерэг шийдвэр гаргасанд нь баярлаж байгаа. Тэр нь спортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас  тодорхой хэмжээгээр хөнгөлсөн.

Амжилт олдог спортын төрөл болох бокс, жүдо, байт сур, буудлагын шигшээ багийн тамирчдын цалинг улсаас өгдөг. Гэтэл багийн спорт юу ч байхгүй. Гэтэл сагс, волейбол, 3Х3, хөлбөмбөг амжилт олж эхэлж байна. Тэгэхээр багийн спортын тамирчдын цалинг ч мөн төрөөс өгөх ёстой. Ер нь төр оролцож  байж л хөгжинө.

-Сүүлийн үед хөлбөмбөгөөр хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа байх. Тэр хүүхдүүдийг та ямар зохион байгуулалтад оруулж байгаа вэ?

-Өө тоо нь их нэмэгдэж байна. Сайн, сайн клуб ууд бүгд академитай. Хүүхдүүдийг тэр академи руу холбож өгдөг. UB сити, Дэрэн, Эрчим, Арвис баг бүгд академитай. Хүүхдүүд ээж, аавыгаа шахаад хөлбөмбөгийг их сонирхдог болж.

-Нэг үеэ бодвол монголчууд хөлбөмбөгийг сонирхон үзэж, сонгон хичээллэх сонирхолтой болсонтой холбоотой байх. Энэ бол дэвшил шүү?

-Хүүхдүүд үндэсний бөх, жүдогоор их хичээллэдэг байсан. Яг нарийн яривал хөлбөмбөг монголчуудад шинэ спорт, шинэ сэтгэл зүйн ойлголт. Англид эсвэл Бразилд бол үндэсний соёл нь юм. Цэнгэлдэх дүүрэн хүн хөлбөмбөгөө үзээд хоёр хуваагдан дэмжиж, үзэлцсээр ирсэн. 100 жилийн өмнө тоглож л байсан. Гэтэл монголчууд 100 жилийн барилдаж л байсан. Одоо ч барилдсаар л байна. Тэгэхээр хөлбөмбөг нэн шинэ спорт. Сүүлийн үед дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнүүдийг телевизээр үзүүлэнгүүт энэ спортыг сонирхдог шинэ үе гарч ирсэн. Цоо шинэ шүү. Аав, ээж нь хүүхдүүдийнхээ хүслийн дагуу арга буюу аль клуб руу оруулах уу, яах уу гээд явдаг болсон байна. Хөлбөмбөгчин болгохоо больё гэхэд энэ спортоор хичээллүүлмээр байдаг гэдэг хүн маш их болсон. Мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болохоос илүүтэйгээр багийн тоглолтоо мэдэрдэг болох нь чухал юм. Бөх бол амиа маягийн стильтэй. Гэтэл багийн спорт бол хүнийг амьдралд, баг хамт олны ажилд сургадаг. Чи сэтгүүлч, менежер, босс  байх нь хамаагүй, аль ч байгууллагад баг болж тоглох чадвартай болно. Би бүгдийг нь авна гэсэн ойлголтоос илүү миний үүрэг хаана вэ гэдгийг хардаг болдог. Энэ утгаараа гайхамшиг. Бөх барилдвал өөрийгөө л боддог болно. Онцлог нь энэ юм. Харин багийн тоглогч бол нийгмийн тоглогч болно.

-МОНГОЛЧУУД ХӨЛБӨМБӨГӨӨР АМЬДРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

-Монгол хүүхдүүдийн онцлог юу вэ. Хэдэн жилийн дараа монгол хүүхдүүдэд гарсан дэвшил ямар байх бол?

-Азиуд хөлбөмбөг тоглож чадахгүй гэдэг ойлголт алга болсон. 1980 аад оны үед хөлбөмбөг Европ, латин Америкийн тоглоом байсан. 2002 онд Япон, Солонгост дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсоноос хойш Азиуд хөлбөмбөг тоглодог юм байна гэсэн ойлголттой болсон. Хөлбөмбөг бол мөнгө. ФИФА-ийн бодлого ч үүн рүү чиглэж байна. Зөвхөн хоёр тивээр хөлбөмбөгийг хязгаарлахгүйгээр тэлж байна. Тухайлбал, эмэгтэй хөлбөмбөг, футзал, элсний хөлбөмбөг гэх мэт төрлийг нэмж байна. Энэ өөрөө мөнгө юм. Цэнгэлдэх дүүрнэ гэдэг бол мөнгө, бизнес юм. Одоо Азийн хөлбөмбөг гэдэг тэс өөр зүйл гараад ирлээ. Япончууд өөрсдийн школыг 1980-аад оноос хойш тавиад явж байна. Өндөр хүмүүстэй намхан хүмүүс яаж тоглох вэ гэдгийг сургуульдаа зааж байна. Ингээд амжилт гаргаад явж байна. Монгол хүн намхан, бадируун биетэй, хөл гар чангатай хөлбөмбөг хөгжих бүрэн боломжтой. Одоо зөвхөн багаас нь үндсэн технологи, техникийг нь зааж өгөх, энэ спортоор амьдарч чадах боломжийг олгох ёстой. Монголчууд хөлбөмбөгөөр амьдрах бүрэн боломжтой. 

-Азиас хамгийн ойрдоо аль улстай илүү харилцаа холбоотой байгаа вэ?

-Хятад гэж том зах зээл байна. Си Зиньпин дарга хөлбөмбөгийг тэргүүн спортоо болгоно гэж зарласан. Энэ дагуу Өвөрмонголыг  хөлбөмбөгийн бүс болгож 9000 сургууль нээсэн. Зөвхөн хөлбөмбөгийн сургууль шүү дээ. Дараа нь 2000 цэцэрлэг нээсэн. 60 мянган талбай байгуулахаас 2000 ийг нь Өвөрмонголд байгуулсан. Бид бүх Хятадын болон Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооны даргатай уулзсан. Гэтэл манайд хоёр, гуравхан талбай байна. Бид “Нэг талбайгаа өгөөч” гэж гуйдаг. Манай хөлбөмбөгчдийн хувийн ур чадвар сайжраад ирвэл энэ том зах зээл рүү орох боломжтой. Хятадад Европын хөлбөмбөгчид их өндөр үнээр очиж  тоглож байна. Пример лигийг ноймор нэг гэж бодож байна уу, үгүй. Хятадын лиг зардлаараа ноймор нэг болсон. Ийм аймаар зах зээл Хятадад байна.

-Манай хөлбөмбөгийн холбоо гадны мэргэжилтнүүдийг авчирч судалгаа, сургалт хэр хийлгэж байгаа вэ?

-Английн мэргэжилтэн ирээд манай хөлбөмбөгчдийг шинжилсэн. Тэгээд дараа нь надад дүгнэлтээ танилцуулсан. Дүгнэлтийг базаад хэлбэл нэгдүгээрт, “Танай монгол хүүхдүүд гүйж чадахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь бид ойлгоогүй, хүн бүр л гүйдэг биз дээ. Манайхан хоёр гараа тохойгоор нь нугалаад гараа чиглүүлж салхи сөрж гүйдэггүй. Тэгэхээр салхи зүсэж чаддаггүй. Буруу гүйсний улмаас их амархан ядардаг. Хоёрдугаарт хүндийн төвөө олохгүй байна гэсэн. Бүр гайхаад. Манайхны хүндийн төв дор байдаг юм байна. 90 минут гүйж чаддаггүй. 70 минут гүйгээд амьсгааддаг. Ингээд ирэхээр цагийн сүүлд хожигдож, гооль алддаг. Манай хийсэн гоолууд дандаа 70 минутаас өмнө. Сая Тажикстантай тоглохдоо 80 гаруй минут дээр алдсан. Хүндийн төвөө зөв тооцохгүй болохоор хөл нь жижигрээд бөгс нь доошлоод удаашраад ирдэг. Үүнийгээ засах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр манайд технологи хэрэгтэй болж ирж байна.

-Тэгэхээр дасгалжуулагчаа сайжруулах шаардлага үүснэ. Манай шигшээ багт ямар дасгалжуулагчид ажилладаг вэ?

-Манай холбоонд Герман, Серби, Польш, Тунис, Селовак дасгалжуулагч нар ажиллаж байна. Тэд бидэнд гайхамшигтай нөлөөлдөг. Монгол дасгалжуулагч нарын нөөц дууссан. Залуучууд эд нарыг дагаж яваад гайгүй болно. Би зоригтойгоор гаднаас дасгалжуулагчид авсан.

-УЛС ТӨР БОЛ 27 ДАХЬ АСУУДАЛ. ХОЁР УДАА НЭР ДЭВШЭЭД
ХОЁР УДАА САЙД ХИЙЧИХ БОЛОМЖ БАЙСАН-

-Та хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөс гадна давхар алба хашиж байгаа юу?

-Найзуудтайгаа хамтарсан хувийн бизнес бий. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнийг нийслэл, дүүрэгт нь аль алинд нь хашиж байна. Гэхдээ хөлбөмбөг улс төртэй холилдож болохгүй спорт. Тиймээс улс төр 27 дахь асуудал.

-Таныг 2020 онд сонгуульд нэр дэвшиж магадгүй гэж ярьдаг. Тэгэхээр та улс төрөөс илүү хөлбөмбөгөө тавьж байгаа юм байна, тийм үү?

-Нэр дэвшихгүй. Нэр дэвшвэл хоёр удаа нэр дэвшээд хоёр удаа сайд хийчих боломж байсан. Би пи ар буюу улс төрийн сервис, үйлчилгээ үзүүлдэг ажил хийдэг байсан. Улс төрийн менежер хийдэг. Ерөнхийлөгч ард түмний гүүр л болж байсан. Зарим хүн намайг улс төрч гэж андуурдаг. Тийм биш.

-Та хуучин Ерөнхийлөгчтэй холбоотой байгаа юу. Сүүлд хөлбөмбөгийн тоглолт ирж үзсэн байсан?

-Асуудал байхгүй шүү дээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч. Ливерпүүл клубийн унаган хөгжөөн дэмжигч. Унгарын академид монгол хүүхдүүд суралцаж байна. Энэ ажлын эхлэлийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тавьсан. Унгарын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах үеэрээ намайг дуудаж хажуудаа суулгаад “Энэ миний зөвлөх юм. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч. Та Пушкашийн академийг төрсөн нутагтаа байгуулсан. Энэ академидаа монгол хүүхдүүдийг аваач” гэж хэлсэн. Энэ дагуу монгол хүүхдүүдийг авч сургаж байна. 7-8 хүүхэд очиж сурсан. Сэлэнгэ аймгийн Ганбаяр гээд хүү мэргэжлийн гэрээ хийгээд тэнд үлдчихсэн, сарын 800 еврогийн цалинтай ажиллаж байна. Унгарын Пушкашийн академийнхан Байерн Мюнхэнтэй тоглоход гоол оруулсан шүү дээ. Энэ ажлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хийсэн. Пушкаш бол 1960 оны Унгарын том од. ФИФА-ийн шилдэг гоолын нэрэмжит шагнал Пушкашийнх гэж явдаг. Би нэгийг харж хоёр болж, хоёрыг харж нэг болдог хүн биш. Олон нүүргүй. Багын хүмүүжил. Найз нөхөрлөлийг байнга хүндэлж ирсэн. Нэг нь уначихлаар хаяад дээшээ явдаггүй.

-Улс төрчийнх нь хувьд та одоо зөвлөдөг үү?

-Эр хүмүүсийн нөхөрлөлийн харилцаа бий. Хөлбөмбөг үзсэн. Юу нь болохгүй гэж. Бидэнд мөнгө төгрөг өгдөггүй. Тоглолт үзье гээд л ирсэн.

-Та холбооны ерөнхийлөгчийн ажлаа хэзээ хүлээлгэж өгөх вэ. Тэр үед чухам ямар төвшний холбоо хүлээлгэн өгнө гэж бодож байна?

-Сая би дахиад сонгогдсон. 2023 он хүртэл ажиллах эрх зүйн боломжтой. Дөрвөн жилийн өмнө би бодлого, менежмент, эв нэгдэл гэдэг төлөвлөгөө боловсруулсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэн. Мөрийн хөтөлбөрөөс гадна хүмүүнлэгийн чиглэлийн сайн санаачлагууд их хийгдсэн. Сая дахин мөрийн хөтөлбөр боловсруулсан. Эмэгтэй багаа хөгжүүлэх гэх мэт. Манайхан хөлбөмбөг гэхээр ранк яриад байдаг юм. Шигшээ багаа л ярьдаг. Гадаадтай тоглож буй шигшээ баг хэзээ, хэнийг хожих вэ эсвэл дэлхийд чансаагаар хэдэд байна гэж хардаг. Гэтэл улс нутагтаа  хөлбөмбөгийг хөгжүүлье гэвэл алтан гурвалжинг хөгжүүлэх ёстой. Өсвөрийн хөлбөмбөг, суурь, дасгалжуулагчийн боловсролыг хөгжүүлэхэд л үр тариа нь дэлгэрнэ. Бид шигшээ багаа гаргах гээд наана, цаана болгох гээд зүтгээд байдаг. Гэхдээ үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдана. Би холбооны ерөнхийлөгчөөр ажиллах найман жилдээ үүний суурийг тавина. Сая манай шигшээ 16 Вьетнамд очоод алалцлаа. Жилийн өмнө Австралид 10:1 ээр хожигдож байсан бол сая 2:1 ээр хожигдлоо.

-Удахгүй Азийн шилдэг Японы шигшээ багтай тоглох юм байна. Сэтгэгдэл хэр байна?

-Энэ сарын 10-ны өдөр тоглоно. Өө Япон  чинь аймаар. Азийн хөлбөмбөгийг тодорхойлж байна. Дэлхийд 30, Азид хоёрт эрэмбэлэгддэг баг. Тэгээд нутаг дээрээ тоглоно. Манайх Японтой тоглох нь нэр төрийн хэрэг юм. Хоёр оронтой тоо дотор л тоглолтоо дуусгаасай гэж бодож байна /инээв/. Монголчууд тэнд очиж тоглох нь гайхамшиг. Чингис хаан Японыг эзлэх гэсэн ч далайн шуурганаас нь болоод чадаагүй гэсэн. Харин энэ цагт манай хөлбөмбөгчид 2002 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байсан цэнгэлдэх хүрээлэнд тоглох гэж байна. 65 мянган Японы өмнөөс тоглоно. Манай хөгжөөн дэмжигчид 650 хүрэх нь үү, үгүй юу. Эндээс 30 гаруй хүн очно. Японд суугаа манай Элчин сайд зохион байгуулж байгаа. Ер нь тоглох гэж буй нь гайхамшиг юм даа.

-Ярилцсанд баярлалаа. Японд болох тоглолтод нь амжилт хүсье.

-Маш их баярлалаа.