Монгол-Японы хамтран зохион байгуулж буй бизнес экспо өнөөдөр эхэллээ

Монгол-Японы хамтран зохион байгуулж буй бизнес экспо өнөөдөр эхэллээ

Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй.

Тус ойг тохиолдуулан Монгол дахь Японы Худалдааны Танхим (Japan Chamber)-аас ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв болон бусад байгууллагатай хамтран “Golden week” бизнес экспог анх удаа зохион байгуулаж байна. 

Үзэсгэлэн тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулагдана. Уг үйл ажиллагаанд хоёр орны хооронд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон Япон менежмент нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд оролцох аж.

Мөн “GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспогийн үеэр тус улсын тусламжтайгаар Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцуулахаас гадна 

-“Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн гэрээг үр дүнтэй ашиглах нь”

-“Япон менежмент ба боломж”

-“Хүний нөөц ба боломж” сэдвүүдээр хэлэлцүүлэг уулзалт өрнүүлж,

-“Project pitch” хөрөнгө оруулалтын төслийг танилцуулах юм. 

Ташрамд дурдахад, Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 оны зургадугаар сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжүүлж, Монголын тал 5700 орчим, Японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж байсан. Өнөөдрийн байдлаар Япон улс манай улсын импортын 3 дахь гол түнш бөгөөд 2018 оны байдлаар 119.1 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 49.6 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагаа, 157.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, нийт 326.7 тэрбум иенийн (3 тэрбум ам.доллар орчим) зээл, тусламжийг манай улсад үзүүлсэн байна. 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө