Эрдэс баялгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг сайжруулна

Эрдэс баялгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг сайжруулна

Уул уурхайн өгөгдөл мэдээллийн ашиглалтыг нэмэгдүүлэх үүднээс иргэд болон төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорац, УУХҮЯ-хооронд байгууллаа.

Эрдэс баялгийн салбар ирэх 20-30 жилд ч Монголын эдийн засгийн тулах багана хэвээр байна гэдгийг Монгол Улсын Их Хурал “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигтээ тунхаглаж, энэ Засгийн газар уг салбарт хариуцлагатай, ил тод засаглалыг бий болгохоор “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлж буй. Нэн түрүүнд хайгуулын салбараа идэвхжүүлэхээр тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж буй нь нөгөө талд орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээг нээлттэй өгөгдөлд суурилсан бодит мэдээллээр хангах шаардлага үүсгэж байгаа билээ. Тиймээс өнөөдөр байгуулсан санамж бичгийн ач холбогдол нь хөрөнгө оруулагч, малчин хоёрын ойлголтыг нэгтгэхэд оршиж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилготой нийцэж буй аж.

 

Арга хэмжээний үеэр нээлттэй өгөгдлийн ач холбогдлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түвшинд талуудын ойлголтыг нэгтгэх зорилгоор “Уул уурхай ба орон нутгийн иргэд: итгэлцлийг бэхжүүлэх нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг мөн зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал уул уурхайн салбарын урт хугацааны бодлогыг танилцуулаад, “Өнөөдрийн арга хэмжээ мэдээллийн тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд оролцогч тал бүр ойлголтоо нэгтгэх нь чухал юм. Уул уурхай бол Монгол Улсын дэлхийд өрсөлдөж буй салбар. Дэлхий дахинд эрдэс баялгийн салбарыг ил тод, хариуцлагатай болгох зорилготой ОҮИТБС нь 50 гаруй улсад хэрэгждэг. Монгол Улс ч энэхүү санаачилгыг сайн хэрэгжүүлдэг тэргүүлэх орнуудын тоонд ордог бөгөөд 2006 онд элсэн орсноосоо хойш уул уурхайн салбарын маш их мэдээллийг ил тод болгоод байна. Цаашид энэ их өгөгдлийг ашиглаж, орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид гээд оролцогчдын түвшинд ойлгомжтой хүргэж байж ил тод байдал сайжирна. Үүнд уул уурхайн салбар нээлттэй өгөгдөл ашиглалтаараа ч манлайлах нь чухал” гэв.

ОУСК-ын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг оролцогч бүх талууд хүртэхэд туслахын тулд ил тод байдлыг үр дүнтэй хангах, өгөгдөл мэдээллийг ашиглах туршлага чухал юм. Энэ нь ялангуяа ажлын байр шинээр бий болгох, ханган нийлүүлэлтэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломжийг нээх гээд уул уурхайн эерэг нөлөө, түүнчлэн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн эрсдэлийг орон нутаг бодитой ойлгож мэдэх боломжийг олгодог. Энэхүү санаачилгын үр дүнд хөрөнгө оруулагчид, орон нутаг хоорондын харилцан итгэлцэл бэхжиж Монгол Улсад уул уурхайн салбар тогтвортой, хүртээмжтэй хөгжихөд түлхэц болно” хэмээн онцоллоо.

ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа ОҮИТБС Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт ил тод байдал хэрхэн сайжирсан талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах 51 нээлттэй өгөгдлийн сан байгаа аж. Гэхдээ эдгээр сангийн ашиглалтыг сайжруулж, мэдээллийн тэгш бус байдлыг арилгахын тулд юуны өмнө хүлээн авагчийн хэрэгцээнд нийцүүлэх, баталгаатай, шиинэлэг байх, нээлттэй өгөгдлийн форматтай байх, ашиглах ур чадвартай байх зэрэг сорилтуудыг даван туулж байж сая нээлттэй өгөгдөл итгэлцлийг бэхжүүлэх үүргээ гүйцэтгэх аж.

Санамж бичгийн хүрээнд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцэх өгөгдлүүдийг нээлттэй болгож, чанарыг нь сайжруулах бөгөөд цаашид оролцогч талууд техникийн цуврал уулзалтуудыг хийгээд явах юм байна.