2023 ОНД: Халамж болон хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэгт олгож тансаг хэрэглээнд татвар оногдуулна

2023 ОНД: Халамж болон хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэгт олгож тансаг хэрэглээнд татвар оногдуулна

Засгийн газрын өчигдрийн /2022.09.23/ хуралдаанаар 2023 оны төсвийн төсөлтэй танилцсан. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа улсын эдийн засагт тулгарсан хүндрэлтэй асуудлыг даван туулах, зардлыг танахын тулд дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар хэлсэн юм. 

  • Төсвийн орлогыг боломжтой бүх түвшинд нэмэгдүүлэх;
  • Экспортлогч орон болох зорилтоо бодитоор хэрэгжүүлэх;
  • Гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит өгөөж өгөх төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг болох;
  • НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах
  • Тансаг хэрэглээнд татвар ногдуулах;
  • Инфляцыг бууруулахад дэмжлэг болох, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх, эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх;
  • Нэмүү өртөг өндөртэй салбаруудын хөгжлийг дэмжих;
  • Халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах;
  • Хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох;
  • Хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх;
  • Хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Үүнээс үзвэл хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд бус зөвхөн зорилтот бүлэгт олгох нь тодорхой байгаа юм. Ингэхдээ үнийн дүнг бууруулж олгох хувилбарыг ч ярьж байгаа аж. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдэгдсэн. Мөн халамжийг ч зорилтот бүлэгт олгож хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэн тансаг хэрэглээнд татвар оногдуулах талаар судалж байгаа гэх мэдээлэл байна.