СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Энэ сарын 12-нд буюу маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, энэ сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи энэ сарын 12-нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.